top of page

КОВИД-19: "Далайд Дусал Нэмэр" Амны Хаалтны Хандивын Аян (1-р хэсэг)

Updated: Nov 11, 2021

2020 оны 1-р сарын 28-ны өдөр Сиалт хот дахь WE Club-ийн бүсгүйчүүдийн Монгол руу амны хаалт илгээх санаачлагыг дэмжин Bella Spa-гийн хамт олон хандивын аяныг гардан зохион байгуулсан билээ.

Энэхүү хүмүүнлэг аяны үндсэн зорилго нь халдвар авах хамгийн их эрсдэлтэй орчинд эх орон, хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын “фронт” дээр амрах эрхгүй ажиллаж буй эмнэлэгийн ажилтнууд, цагдаагийн албаныхан, хилийн харуулынхан болон зорилтот бүлгийн (хүүхэд, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд г.м) иргэдэд чанарын шаардлага хангасан, мэс заслын болон олон удаа хэрэглэж болох шүүлтүүртэй амны хаалт ҮНЭГҮЙ тараах юм.


Ийнхүү цугларсан хандивын мөнгөөр агаарын солилцоо бүрэн дэмжсэн, цэвэр хөвөн даавууг 2-3 давхарлан, нүүрсэн шүүлтүүр хийх уутанцартай, ариутган олон удаа хэрэглэж болохуйц амны хаалтууд оюулах бидний хүсэлтийг Эмэгтэйчүүдийн Хөгжил Төвийн захирал Сувд-эрдэнэ дэмжин, хүлээн авч үйлдвэрлэлийг цаг алдалгүй эхлүүлээд байна. Хэдийгээр тэд Цагаан Сарын захиалгатай ачаалал өндөр байсан ч амны хаалтны хомсдол, үнийн хөөргийн улмаас халдвар тархах эрсдэл ихсэж буйг харгалзан, илүү цагаар ажиллаж эхний ээлжийн 300 амны хаалтыг 3 өдрийн дотор үйлдвэрлэж бэлэн болгосонд бид туйлын ихээр баярлаж байна.


2020 оны 2-р сарын 7-ны өдөр WE Mongolia TББ-ын Монгол дахь төлөөлөгчид Үндэсний Хавдар Судлалын Төвийнхөнд та бүхний нинжин сэтгэл шингэсэн амны хаалтны эхний хэсгийг албан ёсоор хандивлалаа.

Үндэсний Хавдар Судлалын Төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор

"Маскны нөөц дуусаад ажилчдаараа 400 маск оюулж ариутган дахин хэрэглэж байгаад яг өнөөдөр дууссан, зарим эмнэлэгүүдийн хагалгаа зогсох аюулд хүрсэн энэ хэцүү үед шүүлтүүртэй маскнууд хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна"

Улсын хэмжээнд байдаг цорын ганц амны хаалтны үйлдвэр нь түүхий эд тасарсанаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй өдөрт 50-хан ширхэг амны хаалт гаргаж байгаа мэдээ нь бидний сэтгэлийг ихээр түгшээж байсныг нуух юун. "Далайд дусал нэмэр" гэдгийн адил Америкт төдийгүй Монголдоо энэхүү аяны талаар сонссон, уулзсан хүн бүр өөрийн боломжийн хирээр хувь нэмрээ оруулж бидэнд урам зориг хайрлаж байсныг дурдваас: бөс барааны дэлгүүр нэгж үнэндээ хөнгөлөлт үзүүлсэнээр эмзэг бүлгийн оёдолчин бүсгүйчүүдийн хөдөлмөрийн хөлсөнд тодорхой хувь нэмэр оруулсан; сайн дурын найз нөхдүүд материал сонголцох, тээвэрлэх, эсгүүр бэлдэх зэрэг чимхлүүр ажиллагаа шаардсан ажлуудад өөрийн цаг зав, мэдлэг чадвараа хандивласан; манай Монгол дахь багийнхан, тэдний гэр бүлийнхэн хар алмааз мэт ховордсон нүүрсэн шүүлтүүрийг хайж олж бидэнд хандивласан зэрэг эерэг, гэгээлэг мэдээ ар араас нь сонссон аз жаргалтай өдрүүд байлаа.


Шинэ төрлийн короновирусын аюулаас сэргийлэх хүмүүнлэгийн аянд нэгдэн, богино хугацаанд үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн Сиатл орчмын WE Club-ын бүсгүйчүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа! Энэхүү аяны эхний давалгааг амжилттай эхлүүлж цаг зав, өгөөмөр сэтгэлээ харамгүй зориулсан дараах хүмүүст онцгойлон талархаж буйгаа илэрхийлье!


• Bella Spa салоны эзэгтэй Нараа Алтай

• СХД-ийн Эмэгтэйчүүдийн Хөгжил Төвийн захирал Сувд-эрдэнэ

• “Дэгжин Торго” ТББ-ын мастер оёдолчин Д. Баялагмаа

• “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын маркетингийн менежер Г. Алтантуул

• Women Empowerment Mongolia TББ-ын Монгол дахь төлөөлөгчид: МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П. Хорлоо, СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч. Энххорол WE Mongolia төлөөлөгч, Азийн Хөгжлийн Банкны (D project) санхүү, төслийн ажилтан Д. Отгонсүрэн.

 

Монголд амны хаалтнаас гадна ариутгал, эмнэлэгийн хамгаалалтын (medical protective gears, supplies) хэрэгслийн нөөц багассан нь сэтгэл түгшээсээр байна. Иймд бид дараагийн хүмүүнлэгийн аянаа энэ хүнд нөхцөл, түүнийг хэрхэн даван туулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжүүдтэй уялдуулан, илүү үр дүнтэй болгохын тулд зөвхөн амны хаалтаар хязгаарлагдахгүй ариутгагч салфетка (disinfecting wipes) гар ариутгагч (hand sanitizer) цуглуулахаар зорьж байна.


Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрэх болтугай!

27 views0 comments
bottom of page