top of page

КОВИД-19: Амны Хаалтны Хандивын Аян-ТАЛАРХАЛ (5-р хэсэг)

Updated: May 11, 2023

Манай байгууллагын Сиатл хот дахь WE Club-ийн эмэгтэйчүүдийн санаачлагаар 2020 оны 1-р сарын 28-нд эхэлсэн "Далайд Дусал Нэмэр" хандивын аян 3-р сарын 15-нд амжилттай өндөрлөлөө.

Дэлхий нийтэд тахлын аюул нүүрлэсэн эл түгшүүртэй цаг дор хилийн чанад дахь иргэдээс эхлээд, дотоодын бизнес, байгууллагууд Улсын Онцгой комисс, ЭМЯ, ОБЕГ болон бусад холбогдох байгууллагад боломжоороо хандив өргөн төр засаг, ард түмэндээ бага ч гэсэн тус болж буйг харсан хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж буй нь дамжиггүй бизээ. Хэдийгээр бидний хандив далайн нэгэн дусал лугаа өчүүхэн ч, "цагаа олж, зөв хүмүүст" зорьж хандивлаж чадсандаа бид туйлын сэтгэл хангалуун байна. Түүнчлэн, дотоодын үйлдвэрлэл, зорилтот бүлгийн иргэдээ дэмжих, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх давхар хүмүүнлэг зорилго агуулж байснаараа бидний хандив онцлог байсныг тэмдэглэх нь зөв болов уу.


Бид "Далайд Дусал Нэмэр" хандивын аянаа дараах 2 үе шаттайгаар зохион байгуулж, орон нутгийн байгууллагатай түншлэл тогтоон, хамтран ажиллалаа. Үүнд:


1-р үе шат: Чанарын стандартад нийцсэн нүүрсэн шүүлтүүртэй, олон удаан хэрэглэж болох даавуун маскуудыг оюулах. Энэ зорилгын хүрээнд Сонгино-Хайрхан Дүүргийн дэргэдэх Эмэгтэйчүүд Хөгжил Төв, МАМА Брэнд, Дэгжин Торго, Ховор Угалз зэрэг байгууллагуудтай хамтран 1,800 амны хаалт хийж;


2-р үе шат: Эх орны үйлдвэрлэл, эдийн засгаа дэмжихийн тулд дотоодын гар ариутгагч бодис хандивлах. Энэ зорилгоор МонХими үйлдвэрээс 3,100 ширхэг "Санитол" гар ариутгагч худалдан авч дор дурдсан 13 байгууллага, зорилтот бүлгийнхэнд тус тус хандивлав.

1. Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч, сувилагч ажилтнуудад

2. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв

3. МХЕГ-ын Буянт-Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны гүний хяналтын улсын байцаагч нарт

4. Нийслэл хотын Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын алба, Цагдаагийн ажилтнууд, Эмч нарт

5. Дээрх товчоодод дуудлагаар ажиллаж байгаа НМХГ-ын жолооч нарт

6. СХД-ийн Хүүхдийн Эмнэлгийн эмч, ажилтнууд, хэвтэн эмчлүүлж буй эх, хүүхдүүдэд

7. СХД-ийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч нарт

8. СХД-ийн Эрүүл мэндийн төв

9. CХД-ийн Онцгой Штаб

10. СХД-ийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн хэлтэс

11. Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс

12. Ачлалт Хүүхдүүд ТББ

13. Зорилтот бүлгийн иргэд (Улаанчулуутын хогын цэг урд талын айл өрхөд)

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд өөрийн үндсэн ажлын хажуугаар үнийн судалгаа хийх, материал худалдан авах, оюулах, индүүдэх, тээвэрлэх, савлах, тараахад үнэлж баршгүй цаг зав, сэтгэлээ хандивласан Монгол дахь төлөөлөгч Khorloo Perenlii, Enkhkhorol Chimed, Otgonsuren Danjaad нартаа маш их баярлалаа!


Сэтгэлээсээ хийсэн тус хэзээ ч багаддаггүй. (No Act of Kindness is Too Small). Бусдын төлөөх сайн үйлсэд нэгдэн, дэмжлэг үзүүлсэн Эмэгтэйчүүд Хөгжил Төв, МАМА Брэнд, Дэгжин Торго, Ховор Угалз байгууллагын эмэгтэйчүүд, сайн дурын ажилтнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!


Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдрөг, амьдрал тань аз жаргалаар цалгин бялхах болтугай!

bottom of page