top of page
Writer's pictureWE Mongolia

#CSW67 Жендэрийн тэгш байдал ба технологи, инновеци, боловсрол


НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд "Дижитал эринд жендэрийн тэгш байдлыг хангах, бүх охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол" сэдвийн дор болж өндөрлөлөө. Энэхүү чуулганд оролцсон 7000 гаруй төлөөлөгчдийн дотор 4 улсын тэргүүн, 116 төрийн сайдууд оролцож, НҮБ-ын эзэмшлийн байруудад 205 салбар хуралдаан, төрийн бус байгууллагуудын нэрэмжит 700 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Уг чуулганаар:

  1. төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг жинтэй нэмэгдүүлэх

  2. тэгш оролцоотой эко системийг бий болгох

  3. жендэрийн мэдрэмжтэй технологи, инновацийг хөгжүүлэх

  4. жендэрийн дижитал ялгаа, хагарлыг арилгах

  5. STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик болон мэдээлэл харилцаа холбоо, дижитал боловсролд бүх охид эмэгтэйчүүдийг тэгш хамруулахыг уриаллаа.

Энэ удаагийн чуулганы онцлог нь зөвлөлдөх хуралдаанд залуу үеийн нийгмийн идэвхитнүүдийн төлөөллийг оролцуулан тэдэнд үзэл бодол, санал туршлагаа НҮБ-ын индэр дээрээс хуваалцах боломж олгосон юм.


ЭАБК гишүүн орнуудад хандан, дижитал эрин үед жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн инноваци, технологийн өөрчлөлт, боловсролыг дэмжих санаачлага, зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ дараах зүйлсийг харгалзан үзэхийг онцлон тэмдэглэв. Үүнд:

  • Охид эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангах дижитал хэрэгсэл, үйлчилгээг хөгжүүлэх. Үүнд: бүх салбар, ялангуяа тэдний боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хараат бус байдал, нийгмийн амьдралд хамаарах дижитал боловсрол, ур чадвар эзэмших боломжоор хангах.

  • Тэгш хүртээмжийг хангахад саад болж буй сорил бэрхшээлийг арилгахад чиглэсэн дижитал бодлогод жендэрийн асуудлыг нэн тэргүүнд баримтлах. Үүнд : нийгмийн хүрээний бүх түвшинд байгаа, бүх насны охид эмэгтэйчүүд

  • Технологийн хэрэгсэлийг ашиглан жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэхийг үл тэвчих бодлогыг хэрэгжүүлэх.Үүнд: төр, хувийн хэвшлийнхэн урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх.

  • Шинэ технологиудын загварт жендэрийн хэтийн төлөвийг урьтал болгох. Үүнд: шинэ эрсдэл, жендэрийн хэвшмэл ойлголт, нийгмийн сөрөг харьцаа, мэдээллийн нууцлалыг зөрчихтэй тэмцэх мөн ил тод байдал, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтыг батлах.

  • Шинжлэх ухаан, технологийн салбарт жендэрийн харьцааг тэнцүүлэх бодлого, хөтөлбөрийг дэмжих. Үүнд: жендэрийн мэдрэмжтэй боловсрол, зайнаас суралцах, нийгмийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны салбарыг хослуулсан сургалтаар дамжуулан охид эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байр, боловсролын орчин бүрдүүлэх.

  • Жендэрийн хэвшмэл ойлголт, нийгмийн сөрөг хэм хэмжээг арилгах жендэрийн мэдрэмжтэй инновацийг хөгжүүлэх. Үүнд: жендэрийн тэгш байдлын төлөөх өөрчлөлтийг манлайлахад эрэгтэйчүүд, хөвгүүдийн оролцоог дэмжин, тэднийг чадавхжуулах, урамшуулах замаар дижитал технологийн хэрэглээ, ач холбогдол, зөв ашиглаглалтын талаар дижитал контент, сурталчилгааны кампанит ажил хийх.

UN CSW - Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комиссын тухай товчхон

Жил бүр зохиогддог UN CSW чуулган нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дараах 2 дахь том арга хэмжээ юм. НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн Аж Байдлын комисс нь жендерийн эрх тэгш байдал эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх олон улсын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор тусгайлан байгуулагдсан дэлхийн бодлого боловсруулах байгууллага юм. Тус комисс нь эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, иргэний эрхийг дэмжих чиглэлээр зөвлөмж гаргах эрхтэйгээр НҮБ-ийн эдийн засаг, нийгмийн зөвлөл ECOSOC-ийн 1946 оны 6-р сарын 21-ний өдрийн II (II) шийдвэрээр байгуулагдсан түүхтэй ажээ.


Эх сурвалж:

https://www.unwomen.org/en/news-stories/press-release/2023/03/press-release-un-commission-on-the-status-of-women-reaffirms-the-role-of-technology-and-innovation-and-education-in-the-digital-age-in-accelerating-gender-equality





16 views0 comments

Comments


bottom of page