top of page

АНУ-ын Анхны Эмэгтэй Дэд Ерөнхийлөгч Камала Харрис гэж хэн бэ?

Нийтлэлийг бэлтгэсэн: Ц. Алтанзул /ЭАЮДС-ийн дадлагын оюутан/


Камала Харрис нь Америкийн ази гаралтай, хамгийн анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгч юм. Тэрээр 1964 оны 10 сарын 20нд Калифорни мужийн Окланд хотод Шяамала Гопалан болон Доналд Ж.Харрисын охин болж мэндэлжээ.


Калифорн мужийн их сургуульд суралцахаар Энэтхэг улсаас цагаачилсан түүний ээж Шяамала Гопалан нь Америкийн нэрт хөхний хавдар судлаач юм.Тэрээр Харрисын аав Доналд Ж.Харристай Калифорнийн их сургуульд сурч байхдаа танилцаад 25 настай байхдаа Камалаг төрүүлэн, мөн докторын зэргээ хамгаалжээ. Аав нь Ямайкын цагаач, ээж нь Энэтхэг гаралтай бөгөөд хүүхдүүдээ өөрийн соёл, Хиндү шашинд ойр өсгөхийн тулд Энэтхэг улс рүү их явдаг байв.


Түүний эцэг эх Камалаг долоон настайд нь салж, арван хоёр настай байхдаа ээжийнхээ хамт Канадын Монреаль хот руу нүүв. Энэ хугацаанд охин Камала Франц хэлээр ярьж сурсан байна.


Камала Харрис Канадын Вестмаунтын ахлах сургуульд суралцаж байгаад 1986 онд АНУ-д буцан ирээд Вашингтон Д.С хот дахь Хоувордын их сургуульд улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн бакалавр, 1989 онд Калифорнийн их сургуульд хуулийн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.


Камала Харрисын улс төрийн гараа 1990 онд Аламеда тойргийн орлогч прокурорын ажлаас эхэлсэн ба 1998 онд Сан-Франциско дүүргийн прокурорын газарт “Ажил Мэргэжлийн Эрүүгийн Тасаг”-ийн удирдах өмгөөлөгч болжээ. Тэрээр 2000 онд Хүүхдийн шударга ёсны товчоо байгуулсан ба иргэдийн эрх ашгийн төлөөх бослого хөдөлгөөнд идэвхитэй оролцож байсан. 2003 онд Сан-Франциско хотын прокурорын албан тушаалд сонгогдсоноор энэ албан тушаалд сонгогдсон анхны өнгөт арьст хүн болжээ.


Онцлох он цаг:

● 2010 онд Калифорни мужийн анхны эмэгтэй Африк-Америк, Ази гаралтай Ерөнхий прокурорын газарт прокуророор сонгогдсон.

● 2014 онд Калифорни мужийн Ерөнхий прокуророор дахин сонгогдсон

● 2016 онд Калифорни мужаас АНУ-ын Сенатын сонгуульд ялсан анхны өнгөт арьст эмэгтэй.

● 2020 онд Камала Харрис АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.


Камала Харрис нөхөр Дуглас Эмхофтай анх сохор болзоон дээр танилцсан ба түүний нөхөр еврей гаралтай хуульч юм. Тэд 2014 онд Калифорнийн Санта Барбара шүүхийн байранд гэрлэцгээжээ. Тэд одоо Дуглас Эмхофын хоёр дагавар хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг байна.


Камала Харрис хүүхэд наснаасаа энэтхэг хоол хийх, дуулах, ном унших дуртай байсан ба одоо ч чөлөөт цагаараа хийх дуртай хобби нь юм.


Камала Харрис 13 настайдаа эгчтэйгээ хамт Монреаль дах байрны эзэн хүүхдүүдийг зүлгэн дээрээ тоглуулахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн бослого зохион байгуулсан нь байрны эзний бодлыг өөрчилж хүүхдүүдийг тоглохыг зөвшөөрч байсан байна. Тэрээр бага насандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, эцэг эх нь салж хүнд цаг үеийг туулсан ч хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч байж, улмаар АНУ-ын 49-дэхь Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон гайхалтай эмэгтэй юм.


Камала Харрисын талаарх дэлгэрэнгүй мэдээг доорх холбоосноос уншаарай!





20 views0 comments
bottom of page