top of page

2-р сарын 11: Шинжлэх ухааны салбарын охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдөр

Updated: May 11, 2023

Шинжлэх ухааны салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, энэ салбарт ажиллах сонирхолтой охидыг чадавхжуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 12-р сарын 22-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 2-р сарын 11-ний өдрийг Шинжлэх Ухааны Салбарын Охид, Эмэгтэйчүүдийн Олон Улсын Өдөр болгон тунхагласан билээ.



Сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбарт эзлэх эмэгтэйчүүдийн оролцоо тэмдэглэхүйц ахиц гарсан боловч дэлхийн хэмжээнд STEM-ийн салбарын бүх түвшинд тэдний төлөөлөл өнөөг хүртэл бага байна. 2011 оны 3-р сарын 14-ний өдөр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс нь 55 дахь хуралдаанаараа боловсрол, сургалт, шинжлэх ухаан, технологийн салбарт эмэгтэйчүүд, охидыг дэмжих, тэдний бүрэн оролцоог хэрхэн хангах дүгнэлт бүхий тайланг баталсан. Энэхүү тайланд үндэслэн 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ), жендерийн эрх тэгш байдлыг хангахад STEM салбарт охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь амин чухал болохыг онцолж, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Ассамблей "Хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологи, инновацийн тухай" тогтоолыг баталжээ.


Энэ өдрийг дэлхий нийтээр янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2022 онд НҮБ-ын Шинжлэх Ухааны Салбарын Охид, Эмэгтэйчүүдийн Олон Улсын Өдрийн 7-р Чуулган "Нөөцийн шударга хуваарилалт, Олон талт оролцоо ба Тэгш хамруулалт" (Equity, Diversity and Inclusion) сэдвийн хүрээнд ТХЗ-ын 6-р зорилго (Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах) -д анхаарлаа хандуулж байна.


Сонирхуулахад:

  • Нийт салбарын судлаачдынн 33.3% нь эмэгтэй бөгөөд мэргэжил нэгтэй эрэгтэй судлаачтай харьцуулахад тэд харьцангуй бага судалгааны тэтгэлэг авдаг.

  • Үндэсний шинжлэх ухааны академийн гишүүдийн дөнгөж 12% нь эмэгтэйчүүд байдаг.

  • Хиймэл оюун ухаан зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт салбарын таван мэргэжилтний нэг нь л (22%) эмэгтэй байна.

  • Аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг хөдөлгөх гол хүч болсон технологийн ихэнх салбарт ур чадвартай мэргэжилтнүүд дутмаг байгаа хэдий ч инженерийн чиглэлээр төгсөгчдийн дөнгөж 28%, компьютерийн шинжлэх ухаан, мэдээлэл зүйн чиглэлээр төгсөгчдийн 40%-ийг эмэгтэйчүүд эзэлсээр байна.

  • Эмэгтэй судлаачдын цалин эрэгтэйчүүдийнхээс бага бөгөөд тэдний карьерын хугацаа богино.

  • Нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж байгаа бүтээлүүдийн цөөхөн хувийг эмэгтэй судлаачдын бүтээл эзэлдэг.

Эх сурвалж: https://www.un.org/en/observances/women-and-girls-in-science-day/

123 views0 comments
bottom of page