top of page

Дэбит, Кредит Картын Талаарх Түгээмэл Асуултууд

Updated: Oct 21, 2021

2020 оны 6-р сарын 11

Та АНУ-д удаан хугацаагаар суурьшихаар төлөвлөж байгаа бол зээлийн түүхээ (credit history) эртнээс үүсгэхийг зөвлөж байна. Учир нь машин, байшин зэрэг томоохон худалдан авалт хийхэд та бэлэн мөнгөөр шууд авахгүй л бол, зээлийн түүх зайлшгүй шаардлагатай. Зээлийн түүх сайн байх тусам таны найдвартай зээлдэгчийн оноо өндөр байна. Зээлийн оноо өндөр байх тусам банкны зээлийн хүү бага байна. Өөрөөр хэлбэл банк таныг найдвартай зээлдэгч гэж үнэлэн бага хүүтэй зээл олгож байна гэсэн үг. Зээлийн түүхээ банкны гүйлгээний картаар ихэвчлэн эхэлдэг учир үүнтэй холбогдуулан debit card, credit card, secured card-нууд, тэдгээрийн ялгаанууд, түгээмэл асуултуудыг эмхэтгэн уншигч таньтай хуваалцаж байна.


Эхлээд энэ 3 картны ялгааг товч дурдая:


👉 Debit Card буюу Девит Карт нь таны банкны дансанд байгаа бэлэн мөнгөний “пластик” хувилбар.

👉 Credit card буюу Кредит Карт нь хэрэглэгчдэд зээлийн түүх үүсгэхэд зориулагдсан банкны бичил зээл.

👉 Secured card буюу Барьцаатай Карт гэдэг нь та банкинд бэлэн мөнгөний “барьцаа” тавьсны дараа тодорхой хугацаанд хэрэглэдэг карт.

Энэ нь зээлийн түүх огт байхгүй эсвэл зээлийн оноо нь бага, зээлийн түүхээ сайжруулах хүсэлтэй хүмүүст зориулагдсан. Өөрөөр хэлбэл зээлийн түүх үүсгэх, сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэглэдэг карт юм. Таны зээлийн түүх амжилттай эхэлсэн, эсвэл зээлийн түүхийн оноо шаардагдах хэмжээнд сайжирсан гэж үзсэний дараа банк таны бэлэн мөнгөний барьцааг буцаан олгож, энгийн кредит карт олгодог.


💲 Кредит карт ашиглахын давуу талууд нь юу вэ? 💲


  • Кредит түүх үүсгэнэ.

  • Та хүнээс мөнгө зээлэх шаардлагагүй.

  • Хөнгөлөлт (discount) эдэлнэ - тодорхой дэлгүүр, ресторан, жижиглэн худалдаа, зочид буудал, даатгал, авиакомпани, г.м үйлчлүүлбэл бага хэмжээий хөнгөлөлт эдлэх г.м

  • Урамшуулалттай (rewards) – тодорхой авиа компани, зочид буудлаар үйлчлүүлэхэд “оноо” (point), “миль” (mile) цуглуулах боломжтой

  • Мөнгө буцаан олголттой (cash back) – хэдийгээр их биш ч ихэнх кредит картууд хүнс, бензин, жижиглэн худалдааны дэлгүүрээр үйлчлүүлбэл нийт үнийн 1-5% буцаан олгодог. Цуглуулсан буцаан олголтыг зээлийн картны үлдэгдэл төлбөрт шилжүүлдэггүй, харин таны хүссэн үед чекээр олгодог.

  • Зарим картууд цуглуулсан оноонд бэлгийн карт (gift card), бараа санал болгодог.

  • Өндөр хүүтэй картныхаа үлдэгдэл төлбөрийг бага хүүтэй карт руу шилжүүлж болно. Эсвэл олон картуудаа хаагаад аль бага хүүтэй карт руугаа нэгтгэн шилжүүлж болно. Үүнийг “debt consolidation” гэдэг.

  • Хэрэв таны зээлийн оноо өндөр, найдвартай зээлдэгч гэдгээ баталсан бол ихэнх тохиолдолд 2-3 жилийн дараа зээлийн хүү аажмаар буурдаг. Ийнхүү буурахгүй байвал найдвартай зээлдэгчийн хувьд та утсаар, и-мэйлээр, захиагаар хүүгийн хэмжээг бууруулах хүсэлтээ банкинд гаргахыг зөвлөж байна. Тэд таны хүсэлтийг дуртайяа хүлээн авах болно.

  • Найдвартай зээлдэгч гэдгээ нотолсны дараа “credit line” буюу зээлийн хэмжээгээ ихэсгэж болно.

  • Та үлдэгдэл төлбөрөө төлж дууссан бол дуртай үедээ кредит картаа хааж болно, үргэлжлүүлэн хэрэглэж болно. Ямар нэгэн гэрээ хугацаа байхгүй. Гэхдээ нэг картыг удаан хэрэглэхийн давуу тал нь зээлийн түүхэнд найдвартай зээлдэгчдээс гадна тогтвортой зээлдэгч гэсэн үнэлгээг өгдөг.


❗️Барьцаат карт ашиглахад юу анхаарах вэ?❗️


Энгийн кредит карт авах өргөдөл явуулаад амжилтгүй байвал, зээлийн түүх үүсгэхийн тулд та бэлэн мөнгөний барьцаа төлсөн карт (secured card) хэрэглэх боломжийг банкнаасаа асуугаарай. Таны зорилго зээлийн түүх үүсгэх учраас дараах зүйлсийг анхааран өөрт тохирох картаа сонгоорой:

· Тухайн банк гол гурван Зээлийн Түүхийн Товчоонд барьцаат карт хэрэглэгчдийн мэдээллийг явуулдаг эсэхийг баталгаажуулах.

· Ихэнх банк $1000 бэлэн мөнгөний барьцаа шаарддаг бөгөөд энэ нь таны “зээлийн” хэмжээ юм. Үүнээс хэтрүүлэн хэрэглэх, төлбөрийг оройтуулах зэрэг нь таны зээлийн түүхэнд сөргөөр нөлөөлнө.

· Аль болох бага худалдан авалт хийх: кофе авах, сард 1-2 удаа бензин авах зэрэг гүйлгээнд хэрэглээд, төлбөрийг хугацаанаас нь өмнө бүтнээр нь төлөх.

· Төлбөрөө хугацаандаа төлөхгүй, тогтоосон минимум хэмжээнээс нь бага төлсөн тохиолдолд банк таны бэлэн мөнгөний барьцааг буцаан олгохгүй байх эрхтэй.

· Энэ төрлийн карт олгодог банкнуудын жилийн хураамж, хүүгийн хэмжээ өндөр байдаг. Иймд сайн судалгаа, харьцуулалт хийхэд илүүдэхгүй.

· Бэлэн мөнгөний барьцааны хэмжээ мөн өөр, өөр учир аль болох бага барьцаа шаардаж байгаа банкыг сонгох.

· Таны зорилго зээлийн түүх үүсгэх. Иймд картаа хэрэглэхгүй байх нь зээлийн түүх үүсгэх, оноогоо сайжруулахад нөлөөлөхгүй.

· Иймд Гэрээний “бичил” заалтуудтай сайн уншиж танилцах хэрэгтэй.


❗️ Кредит карт ашиглахад юу анхаарах вэ?❗️


  • ТӨЛБӨРӨӨ ХУГАЦААНД НЬ БҮТНЭЭР ТӨЛ. Хэдийгээр таны карт тодорхой хүүтэй боловч сар бүр төлбөрийг хугацаанд нь, бүтнээр төлбөл хүү бодогдохгүй.

  • ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭ (APR). Аливаа худалдан авалт хийхдээ хүүгийн хэмжээ, үйлчилгээний хураамжаа сайн тооц. Зээлийн түүх шинээр эхэлж байгаа хүмүүст хүүгийн дундаж хэмжээ нь ойролцоогоор 15-25%, зарим тохиолдолд түүнээс ч өндөр байдаг. Жилийн хүү нь 10-аас дээш хувьтай бол их хүүтэйд тооцогддогыг сануулая.

  • ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ. Банкны мэргэжлийн хүмүүс зээлийн нийт хэмжээнийхээ 30-аас илүү хувийг ашиглахгүй байхыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, кредит картны зээлийн хэмжээ (credit line) нь $1000 бол $300 доллараас хэтрүүлэхгүй байхыг хичээх.

  • ЖИЛИЙН ХУРААМЖ. Зарим кредит карт жилийн хураамжтай байдаг. Зээл санал болгосон захиагаа сайн унших хэрэгтэй. Тэд голдуу хураамжгүй мэт харагдахаар маркетинг сурталчилгаа хийдэг. Жишээ нь: “NO ANNUAL FEE” гэж томоор бичээд “for the first 12 months” эсвэл “$100 per year after January 1st,2020” гэдгээ маш жижгээр бичсэнээс анзаарахгүй өнгөрөх магадлал өндөр.

  • ТӨЛБӨР ОРОЙТСОНЫ ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ. Бaнк бүрийн торгуулийн хэмжээ (default/penalty rate) өөр бөгөөд APR буюу жилийн хүүгийн хэмжээнээс өндөр байдаг.

  • БЭЛЭН МӨНГӨ АТМ-ЭЭС ГАРГАХ. АТМ-ээс бэлэн мөнгө гаргахад өдрийн лимит байдаг. Энэ лимитээс хэтрүүлбэл бэлэн мөнгө гаргасны хураамжаас (cash out fee) гадна нэмэлт торгууль төлнө.

  • ӨДӨРТ ХЭРЭГЛЭХ ДҮНГИЙН ХЭМЖЭЭ. Ихэнх банкнууд өдрийн гүйлгээний хэмжээг тогтоосон байдаг. Тэр хэмжээнээс хэтрүүлбэл мөн хураамж, торгууль төлдөг.

  • ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ. Та удаа дараа төлбөрөө оройтуулбал банк наад зах нь 45 хоногийн өмнө мэдэгдэл явуулж, хүүгийн хэмжээг өсгөдөг.


💲 APR-г яаж тооцдог вэ? 💲


APR буюу Annual Percentage Rate нь жилийн хүүгийн хэмжээ боловч хүү нь сар, сараар тооцогддог. Учир нь саруудын өдрийн тоо өөр. Нэгдүгээр сар 31 хоногтой, хоёрдугаар сар 28 хоногтой г.м

Жишээ нь: Таны зээлийн үлдэгдэл $1000, APR нь 19% хүүтэй бол 1-р, 2-р саруудын хүүгийн хэмжээг тооцвол:


1) Эхлээд DPR (daily periodic rates) буюу өдөрт төлөх хүүгийн хэмжээг тооцож гаргана. Жилийн хүүгийн хэмжээг 365 хоногт хуваана.

19% : 365 = 0.052%


2) Дараа нь өдөрт төлөх хүүгийн хэмжээг тухайн сарын өдрийн тоогоор үржүүлж, сарын төлж буй хүүгийн хэмжээг тооцно.

1-р сар: 0.052 x 31 = 1.61% (хүүгийн хэмжээ)

2-р сар: 0.052 x 28 = 1.46% (хүүгийн хэмжээ)


3) Саруудын хүүг аравтын бутархайд шилжүүлбэл: 0.0161, 0.0146 тус тус болно.

1-р сар: 0.0161 x $1000 = $16.10 (хүүгийн төлбөрийн хэмжээ)

2-р сар: 0.0146 x $1000 = $14.60 (хүүгийн төлбөрийн хэмжээ)

396 views0 comments
bottom of page