top of page

АНУ-ын боловсролын систем

Updated: Jun 21, 2022

2020 оны 6-р сарын 10

Эх сурвалж: https://medium.com/@khul.anka


Америкийн ерөнхий боловсролын системийн үндсэн систем бол К-12 систем. Энэ нь цэцэрлэгээс 12 р анги төгсөх хүртэлх ерөнхий боловсролын системийг хэлж байгаа. Тэгэхээр энэхүү системийг хэн хаанаас тодорхойлдог вэ? төрийн бодлого нь хэрхэн явагддаг вэ? Юун түрүүнд U.S Department of Education буюу монголоор бол Боловсролын яам гэж дээд байгууллага байна. United States Secretary of Education буюу монголын системтэй дүйцүүлвэл Боловсролын Яамны Сайд нь ерөнхийлөгчийн томилгоогоор томилогддог. Одоогийн америкийн боловсролын сайд нь Бетси Дэвос хэмээх бүсгүй монголчуудын сайн мэдэх Amway сүлжээний үүсгэн байгуулагчийн үр удам, гол хувьцаа эзэмшигч ерөнхийлөгч Трампаар томилогдож байсан. Тухайн үедээ Бүгд Найрамдах нам тухайн ажилд тохирохооргүй хүнийг намынхаа томоохон хандивлагч гэр бүлийн гишүүн учраас гаргаж ирлээ гэж их шүүмжтэй өртөж байсан. Тус байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл нь улсын хэмжээнд баримтлах боловсролын системийн шат дарааллыг тодорхойлно. Үүнд ерөнхий боловсролын сургалтанд К-12 сургалтын систем, түүний дараагаар дээд боловсролын систем байна гэсэн үндсэн сургалтын системийн шатлалыг том зургаар нь гаргаж тодорхойлно.

12 жилийн сургалтын системээ бага-дунд-ахлах, суурь болон ахлах, эсвэл бүр бага дунд- холимог гэж хуваах нь мужаасаа тодорхойлогддог. Тэгэхээр тэр нэршилийн систем нь муж, мужаараа харилцан адилгүй гэсэн үг. Хамгийн гол нь нийт 1-12 р ангитай байна шүү гэдэг нь л яамнаасаа тодорхойлогдож, улс даяар мөрдөгддөг. Түүнчлэн Боловсролын яам нь улсын хэмжээнд боловсролын системийн доод түвшинг тогтоох буюу 1р ангийг төгссөн сурагч хамгийн муудаа ийм ийм мэдлэг чадварыг олж авсан байна гэсэн стандартыг гаргана. Жишээ нь улсын хэмжээнд 1р ангийн боловсролтой хүүхэд цагаан толгойгоо мэддэг, тодорхой хэмжээнд уншиж чаддаг, 100-н дотор нэмж хасаж чаддаг байх гэр зэргээр. Хоёрдугаарх үндсэн ажил нь бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй байлгах буюу хүүхдийн шашин шүтлэг, нас хүйс, арьс өнгө, бие бялдар, өрхийн боломж бололцоогоос үл хамааран боловсролыг хүртэх боломжоор хангах. Үүнд сургуулиудыг сурагчдаа тээвэрлэх автобустай байлгах, өдрийн цай хоолоор хангах, тусгай хэрэгцээт сурагчдын анги танхимаар хангах гэх мэтчилэн хөтөлбөрүүдийг боловсруулж хяналт тавих орно. Тэгэхээр автобусны мөнгөгүйгээс болж хүүхэд хичээл таслахгүй, хичээлээс хоцрохгүй, эмзэг бүлгийн хүүхэд гэртээ хоолгүй зутарч байхын оронд ядаж сургууль дээрээ ирээд хоол идчихнэ, сурах гэж ирээгүй ч номын дуу сонсох боломжийг нь хангаж өгнө гэсэн үг.


Дауны синдром, аутизмтай, тэргэнцэртэйгээс үл хамаараад өөрийн бие оюуны онцлогт таарсан тусгай ангид сууж боловсрол эзэмших боломжтой гэсэн үг. Тэгэхээр орон даяар мөрдөх боловсролын шатлал схем, түүний шатлалын түвшинг тогтоох, болон иргэн бүрт боловсрол эзэмших боломжийг олгох гэсэн хоёр том ерөнхий бодлогыг тодорхойлох буюу системийг бүхэлд Big Picture гаргаж тодорхойлох нь Боловсролын яамны ажил.


Үүний дараа нь Мужийн боловсролын хэлтэс гэж байна. Энэ нь муж мужаасаа хамаараад харилцан адилгүй нэршилтэй. Зарим муж State Department of Education гэж нэртэй байхад зарим нь State Board of Education гэж нэрлэж байх жишээний. Тухайн байгууллагыг тэргүүлэх хүн нь зарим мужид мужийн захиргаанаас томилогдож байхад зарим мужид иргэдийн шууд сонголтоор гарч ирэх нь ч бий. Ер нь америкийн мужуудын тогтолцоо хууль дүрэм харилцан адилгүй, маш их ялгаатай. Ямартай ч мужийн боловсролын хэлтэс юу хийх вэ гэхээр тухайн мужийн боловсролын системийн шатлалыг тодорхойлно. Үүнд дээр дурдсанчлан тухайн муж бага-дунд- ахлах гэсэн дөрөв дөрвөн жилийн системтэй байх уу, эсвэл суурь-ахлах гэсэн 8–4 жилийн системтэй байх уу гэдгийг тодорхойлох. Мөн мужийн бүс нутгийн онцлогоос хамаараад хичээлийн 2 улиралтай байх уу, 3 улиралтай байх уу. Хэзээ хичээлийн шинэ жил эхэлж, хэзээ дуусах вэ гэдгийг тогтооно. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд хичээл 9 сарын 1д эхлэнэ гэсэн ойлголт байхгүй. Мөн сургуулиудын дүүргийн санхүүжилтийг хуваарьлана, боловсролын чанарт хяналт тавина, үнэлгээ хийнэ, магадлан итгэмжлэл олгоно.


Мужийн боловсролын хэлтсийн дараах нэгж нь county -д байгаа гэхдээ коунти-н үүрэг ихэвчлэн олон нийтийн боловсролд чиглэсэн байдаг. Жишээ нь нийтийн номын сангууд коунтид харъяалагдана.


Үүний дараагаар сургуулийн дүүрэг буюу School District гэж байна. Энэ бол боловсролын системийн хамгийн чухал нэгж нь. Сургуулийн дүүрэг нь тус дүүргийн газар нутгийн хүрээн дэхь иргэдийн татвараас шууд санхүүжих бөгөөд улсаас гаргасан 12 жилийн шатлалын дагуу мужийн стандартад нийцүүлэн өөрсдийн сургалтын хөтөлбөрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл аль сургуульд ямар хичээлийг хэрхэн заах, ямар сурах бичиг ашиглах зэргийг сургуулийн дүүрэг нь шийддэг. Сургуулийн дүүргүүд ихэвчлэн хот хотоороо хуваагдсан байдаг ч зарим том хотод хоёр тусдаа дүүрэг байхад зарим жижиг хотууд нийлээд нэг дүүрэг ч болдог. Тэгэхээр сургуулийн дүүрэг нь ерөнхийдөө хүн амын тоо, газар зүйн байршилаараа бүсчлэгдэнэ. Дээр дурдсанчлан сургуулийн дүүргүүдэд санхүүжилт нь тус дүүргийн харъяаллалтай өрх гэрийн татварын орлогоос шууд ирдэг. Тиймээс дүүргүүдэд очих санхүүжилт харилцан адилгүй, үүнээсээ улбаалаад сургалтын чанар, сурагчдад санал болгох нэмэлт боломжууд нь харилцан адилгүй. Тэгэхээр хар ухаанаар бол баян буюу татварын орлого өндөртэй бүсийн сургуулиуд илүү чанартай, сурагчиддаа илүү олон төрлийн боломжуудыг олгодог гэж хэлж болно.


Иймд Америкт хүүхдээ бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхээр зорьж байгаа хүмүүс яг сургуулийг нь ч биш, мужийг нь ч биш харин сургуулийн дүүрэг буюу school district -г нь тусгайлан судалж хүүхдээ оруулах хэрэгтэй. Ингэхдээ бас нэг анхаарах зүйл бол сургуулийн дүүрэг хэзээ ч харъяалалын бус хүүхэд авдаггүй. Тиймээс үнэхээр л хүүхдийнхээ боловсролд санаа тавьж байвал амьдрах байраа сонгохдоо хамгийн түрүүнд school district -г нь харах хамгийн чухал.


Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд Америкийн боловсролын системийн тогтолцооны шат дарааллыг би хувьдаа өндөр үнэлдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай учраас Ерөнхийлөгч нь сайдаа томилоод яам нь зөвхөн улсын хэмжээнд алсыг харсан томоохон шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлдэг. Мужууд нь яамнаас гаргасан системийг өөрсдийн газар нутаг, уур амьсгал, соёл уламжлалын онцлогтоо тааруулан хөгжүүлээд нутагшуулна. Харин сургуулийн дүүргүүд нь тэр схемийн дагуу илүү нарийвчилсан сургалтын хөтөлбөрийг гаргаж сургуулиудтайгаа шууд харьцана. Ингэхээр шат шатандаа үүрэг ажил нь тодорхой, эрх ямбанд баригдахгүй, сургуулийн хичээл нь хувь хүний соёл уламжлалтай зөрчилдөхгүй гээд давуу талуудтай. Гэхдээ мэдээж бас сөрөг тал байна. Хувийн зүгээс харж байгаа энэ системийн хамгийн том сул тал бол баян ядуугийн ялгаа арилах боломжгүй буюу боловсролын систем нь анги давхрагын заагыг илүү тэлээд байх шиг харагддаг. Өөрөөр хэлбэл тухайн сургуулийн дүүрэг тус дүүргийнхээ л оршин суугчдын татвараас санхүүжиж байгаа тул баян дүүргээс илүү чанартай боловсролтой иргэн бэлтгэгдэж гарна. Гэтэл ядуу дүүргийн хүүхдүүдэд яг тэр тэгш боломж олдохгүй л гэсэн үг.


Холливуудын олон ч кинон дээр гардаг даа. Харуудын ядуу хороолол нь сургууль нь хүртэл сампирсан сурагчид нь хичээлдээ явдаг ч яг төлөвшиж бэлтгэгдэггүй. Харин баячуудын хороолол нь сургууль нь хүртэл цэмцгэр байх жишээний. Улсын зүгээс нь ядуу дүүргүүдэд боловсролын хүртээмжийг тэгш хүртээх зорилгоор шаардлагатай бол автобус унаа, өдрийн хоолны мөнгө зэрэгт нь дэмжлэг үзүүлнэ үү гэхээс нөгөө баян хороололын сургуультай дүйцүйлэх гэж зүтгэхгүй. Мэдээж татвар төлөгчийн хувьд миний төлсөн татвар шууд миний хүүхдийн сургууль дээр очих нь надад хамгийн шудрага санагдана. Гэсэн ч томоор нийтээр нь хараад үзэхээр миний хүүхэд яг миний амьдарч байсантай адилхан ялгавартай нийгэмд амьдрана гэж бодвол өнөөдөр хүүхэддээ өгөх мөнгөнөөс илүүчлээд хажуу дүүргийн хүүхдийг өөрийнхөө хүүхдийн дайнд биш юмаа гэхэд тэр хүүхдэд одоо байгаа нийгмийн давхрагаасаа дээшлэх боломжийг олгохыг зөв гэж харна. Ингэж байж хоёр дүүргийн хүүхэд хоёулаа ирээдүйд баялаг бүтээгч болно. Гэхдээ энэ бол миний л бодол шүү. Зарим хүмүүс энийг социалист сэтгэлгээ л гэдэг юм.


Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн нэгэнт л амьдарч байгаа юм чинь тус орныхоо системийг нь ойлгоод авбал амьдралын чанараа дээшлүүлэхэд тус болох болов уу гэж бодоод Америкт амьдарч буй монголчууддаа зориулж бичив.

575 views0 comments
bottom of page