top of page

Кэтрин Жонсон: Эрэгтэйчүүдийн хийж бүтээж байгаа бүх зүйлийг охид ч мөн хийх чадвартай

Нийтлэлийг бэлтгэсэн: Ц. Алтанзул /ЭАЮДС-ийн дадлагын оюутан/


Кэтрин Жонсон нь Африк гаралтай Америк математикч ба НАСА-д 1953 оноос 1986 он хүртэл 33 ажилласан. Түүнийг "амьд компьютер" гэж нэрлэдэг байсан бөгөөд тэрээр НАСА-гийн анхны гэх тодотголтой түүхэн олон төслийн математик хүнд үйлдлүүдийг гараар ямар ч алдаагүй тооцоолж, компьютерт тэдгээр үйлдлүүдийг хэрхэн оруулахыг зааж туслаж байснаараа алдартай.


Эрэгтэйчүүдийн хийж бүтээж байгаа бүх зүйлийг охид ч мөн хийх чадвартай. Өөрийнхөө мөрөөдлийг ол, тэгээд түүндээ хүрэхээр хөдөлмөрлө. Учир нь чи өөрийн дуртай зүйлийг л хамгийн сайн хийж чадна” гэж хэлдэг байжээ.


Кэтрин Жонсон 1918 оны 8-р сарын 26-нд Баруун Виржиниа мужид мэндэлсэн. Түүнийг математикт хайртай төрсөн гэж хэлдэг ба багадаа хийж байгаа зүйлүүдээ тоолох дуртай байжээ. Мөн тэрээр сургуульд сурахыг их хүсдэг байсан учир үеийнхнээсээ эрт сургуульд элсэн амжилттай суралцаж 10 настайдаа ахлах сургуульд орж 15 насандаа Баруун Виржиниагийн коллежид элсжээ. Кэтриний багш нар түүнийг ирээдүйн гайхалтай математикч болно гэдэг байсан ба түүний багш Клэетор зөвхөн түүнд зориулж сансрын геометрийн анги нээж байжээ. Тэрээр 18 насандаа математикч, франц хэлний зэрэгтэйгээр сургуулиа төгссөн.


Түүнийг сургуулиа төгсөх үед буюу 1960-аад онд АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ид тархсан нийгмийн бүх салбар, үйлчилгээ, сургууль “Зөвхөн Өнгөт Арьстай Хүмүүс”, “Зөвхөн Цагаан Арьстай Хүмүүс” гэсэн таних тэмдгээр хуваагдсан байлаа. Тухайн үед өнгөт арьстай, тэр тусмаа эмэгтэй хүн математик, шинжлэх ухааны салбарт суралцах боломж их ховор байсан учир Кэтринд зөвхөн багшийн ажил олдсон байна.


1950-аад оноос эхлэн НАСА сансрын хөтөлбөр дээр ажиллах инженерүүдийн туслагчаар эмэгтэй математикчидыг ажилд авч эхэлжээ. Гэвч Кэтринийг бүртгүүлэхэд бүх ажлын байр дүүрсэн байсан ч тэрээр бууж өгөлгүй 1953-онд дахин бүртгүүлсэнээр хүссэн ажилдаа орж чадсан. Тэр үед эмэгтэй ажилчид эрэгтэй инженерүүдтэй хамт хуралд оролцож болдоггүй байсан ч Кэтрин өөрийн мэдлэг, ур чадвараараа хүмүүст танигдаж эрэгтэйчүүдтэй хамт ажиллаж эхэлсэн.

Түүний өөртөө итгэлтэй байдал, манлайлан удирдах чадвар нь бусад олон эмэгтэйчүүдийг зоригжуулан ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэрээр удалгүй НАСА-д “хүлээн зөвшөөрөгдөж”, хамтран ажилладаг эрэгтэй инженерүүд нь асуулт асуухаар түүн дээр ирдэг болжээ.


Тэрээр 1958 онд сансар судлалын үндсэн багт орсон.

1961 онд анхны Америк хүнийг сансар луу хөөргөх пуужингийн нислэгийн замыг тооцоолж эхэлсэн ч инженерүүд пуужинг хэзээ, хаана хөөрөх ёстойг тооцоолж хараахан чадаагүй байлаа. Харин 1962 онд Кэтрингийн тооцоолсны дагуу Америк сансар судлаач Жон Глен дэлхийн тойрог замд гарч чадсан юм. Жон Глен нислэгийнхээ өмнө бүх математик үйлдлийг Кэтринээр дахин хянуулаад, тэр “зөв” гэсэн хариу өгсөний дараа ниснэ гэж мэдэгдсэн нь түүнийг НАСА-гийн судалгаа шинжилгээний хамгийн чухал амьд “компьютер” байсныг гэрчилж байна. Харамсалтай нь тухайн үеийн арьс өнгөний үзлийн дор түүний нэр нь ч дурдагдаагүй өнгөрчээ.


1962 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди сар луу хүн хөөргөх үүрэг НАСА-д өгснөөр дэлхийгээс сар луу хөөрөх замыг тооцоолох багт тэрээр ажиллаж эхэлжээ. Кэтрин НАСА-гийн багийнхантай хамт пуужинг хаана, хэзээ хөөргөх шаардлагатайг амжилттай тооцоолсноор 1969 оны 7-р сарын 20-нд Америкийн сансрын нисгэгчид анх удаа саран дээр бууж 1969 оны 7-р сарын 24-нд эсэн мэнд буцан ирсэн юм.


2015 онд түүнийг Америкийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх Чөлөөний хүндэт медалиар шагнах үед Ерөнхийлөгч асан Обама:

“НАСА-д 33 жил ажиллахдаа арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах бүх саадыг эвдэж, математик, шинжлэх ухааны салбарт хэн ч ажиллаж, мөрөөдөлдөө хүрч болохыг үе үеийн залуучуудад харуулж чадсан баатар юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.


Тэрээр 2019 онд Конгрессийн Алтан Медалиар шагнагдсан бөгөөд түүний нэрийг 2021 онд “Үндэсний Эмэгтэйчүүдийн Алдрын Танхим”-д албан ёсоор өргөмжлөн залжээ. Кэтриний гаргасан гавьяа үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд түүний нэрэмжит эрдэм шинжилгээний төвүүд нээгдэж, мөн амьдралаас нь сэдэвлэсэн киног 2016 бүтээсэн билээ.


Кэтрин Жонсон 2020 оны 2-р сарын 24-нд 101 насандаа таалал төгссөн.

Түүний бодит амьдралд сэдэвлэн 2016 онд бүтээсэн “Hidden Figures” киног үзэхийг уншигч танд санал болгож байна.


Эх сурвалж:


25 views0 comments
bottom of page