Эх сурвалж: И. Боно https://pointepost.com/visa/what-is-an-opt/
2019 оны 7-р сарын 9
АНУ -д ямар нэгэн мэргэжлээр суралцаж буй оюутнууд ажиллах эрх хүсч болдог. Харин тухайн сурч буй мэргэжил нь хичээлийн явц дундаа оюутныг сургуулиас гадуур дадлага хийхийг зөвшөөрдөг бол үүнийг CPT гэж нэрлэдэг. Тэгвэл оюутан мэргэжлийн сургалтаа дуусгасны дараа хийдэг дадлагийг OPT гэж нэрлэдэг юм. Одоогоор OPT эрх хүссэн, хүсэх гэж байгаа, эсвэл хариугаа хүлээж байгаа оюутнууд их байгаа учир энэ удаагийн нийтлэлээр OPT -гийн талаар мэдээлэл хүргэх гэж байна!
Хэрэглэгдэх үгсийн Англи нэршил болон товчлолуудын тайлбар: -F-1: АНУ -д албан ёсоор сурч буй гадаад оюутаны статус. -VISA: Виз нь зөвхөн АНУ-д ороход хvчинтэй буюу үүнийг Элчин Сайдын Яам, Консулын Хэлтэсээр дамжуулан олгодог. -STATUS: Статус нь АНУ -д байхад хvчинтэй ангилалыг тань заах зүйл. -CPT: Curricular Practical Training гэдгийн товчлол. Энэ нь оюутан сургуулиас гадуур цалинтай болон цалингүй дадлага хийх гэсэн утгатай. -OPT: Optional Practical Training гэдгийн товчлол. Энэ нь оюутан мэргэжлийн хөтөлбөрөө дуусгасны дараа хийх дадлага гэсэн утгатай. -Pre-Completion OPT: Энэ нь та сургуулиа төгсөхөөс өмнө OPT -гөөрөө ажиллаж эхлэх юм. -Post-Completion OPT: Энэ нь сургуулиа төгссөний дараа ажиллаж эхлэхийг хэлж байгаа юм. -SSN: Social Security number гэдгийн товчлол. Энэ нь Нийгмийн хамгааллын дугаар буюу АНУ -нь тус дугаарын тусламжтайгаар иргэдийн орлого, ажилласан жил, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдагсдын мэдээлэл болон бусад олон зүйлийн хяналт, статистик болон бодлого гаргахдаа хэрэглэдэг. -EAD: Employment Authorization Document гэдгийн товчлол. USCIS -с олгодог ажиллах эрх юм. -USCIS: U.S. Citizenship and Immigration Services -ын товчлол. Энэ нь АНУ -ын Иргэншил, Цагаачлалын алба гэсэн үг. Товчхондоо цагаачлалын системийн удирдлага гэж ойлгож болно. -STEM: Энэ нь англиар science, technology, engineering болон math гэх үгнүүдийн товчлол буюу монголоор бол шинжлэх ухаан, технологи, инженер болон математик юм.
Та бүхний мэддэгчлэн АНУ -д сурч буй гадаад оюутан буюу F-1 статустай хүмүүс ажиллах эрхийг хэд хэдэн аргаар авах боломжтой байдгаас хамгийн түгээмэл арга нь OPT юм. Хэрвээ өмнө нь SSN дугааргүй байсан бол OPT хүсэлтийг тань зөвшөөрсөний дараагаар танд SSN болон ажиллах эрхийн карт хоёр олгогддог байгаа. Хэрвээ танд өмнө нь авсан SSN дээрээ ‘Valid for work only with DHS authorization’ гэх тэмдэглэгээтэй бол шинэ SSN хүсэх шаардлагагүй, харин SSN дээр ‘Not Valid for Employment’ гэх тэмдэглэгээ байвал SSN -ээ шинэчлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ нь та өмнө нь SSN -ээ хэрхэн авч байснаас хамаардаг.
Энэ дунд нэгэн ташаа ойлголтыг залруулах нь зүйтэй. Юу гэвэл хүмүүс SSN -тэй бол түүгээрээ ажил хийж болно гэж бодох нь их. Жишээ нь хүмүүс ажиллах эрхгүй SSN -ээ ашиглаж UBER/LYFT -д ажиллах явдал үнэхээр их. Энэ бол SSN -ээ зохисгүй хэрэглэж байна гэсэн үг. Гадаад оюутны хувьд албан ёсоор ажилд ороход, эсвэл цалинтай дадлага хийхэд SSN болон EAD байх шаардлагатай.
EAD-Энгийн нэг жилийн хугацаатай OPT Ажиллах эрхийн карт
Өмнө нь OPT дадлага хийж байгаагүй хэрнээ тэдгээр хүмүүс хэрхэн SSN олж авсан байж болох уу гэдэг талаар дараа дараагийн нийтлэлдээ тайлбарлан оруулая.
За, ингээд үндсэн сэдэвдээ орцгооё!
OPT -ийг хэн хүсэх эрхтэй вэ?
Оюутан мэргэжлийн хөтөлбөрөө дуусгасны дараа хийх дадлага гэсэн утгатай. АНУ -д баклавр, мастер болон 9 -с дээш сарын хөтөлбөртэй OPT олгох эрхтэй сургалтанд хамрагдаж төгссөн оюутан бүр энэхүү дадлагийг хийх эрхтэй байдаг. Нэмж хэлэхэд ганцхан жилийн сургалттай мастерийн хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн тус дадлагийг хийж болно.
OPT дотроо Pre-Completion OPT болон Post-Completion OPT гэж бий. Pre-Completion OPT нь та сургуулиа төгсөхөөс өмнө OPT -гөөрөө ажиллаж эхлэх юм. Post-Completion OPT гэдэг нь сургуулиа төгссөний дараа ажиллаж эхлэхийг хэлж байгаа юм.
OPT ямар давуу талуудтай вэ?
Ингэж дадлага хийснээр хамгийн чухал нь өөрийн олж авсан мэдлэгээ бодит амьдралд хэрэгжүүлж, АНУ -д ажиллаж туршлага хуримтлуулна, мөн цалингаа ч авна. Үүнээс гадна цаашдаа АНУ -д карьер хөөх хүсэслтэй хүмүүст их том үүд хаалгийг нээж өгдөг. Жишээ татвал дадлагажигч байх явцдаа тухайн ажилдаа амжилт гаргаж тухайн байгууллагад ямар хэрэгтэй хүн гэдгээ харуулж чадвал байгууллага тань таныг бичиг баримтанд спонсорлож өөрийг тань цаашид хамт ажиллахыг хүсдэг. Ийм тохиолдолд байгууллагууд ихэвчлэн H-1B ангилал хүсч өгдөг. Ингэснээр тухайн оюутан цаашид гадаад оюутан эсвэл дадлагажигчийн хүрээнээс гарч энгийн ажил эрхлэгчийн хүрээнд хармагдах юм. Энэ нь ганц карьер гэлтгүй гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байх, гэр бүлийн гишүүд нь ажиллах эрх хүсэх гэх зэрэг бусад маш олон төрлийн давуу талуудыг авчирч байдаг.
OPT -эрх хүсэхээс өмнө юу анхаарах вэ?
Нэгдүгээрт OPT эхлэх хугацаагаа сайн бодолцох хэрэгтэй. Ажиллах эрх байлаа гээд шууд ажилд орж чадах магадлал бага. Гэтэл зарим оюутнууд хичээл нь 6 -р сарын 1 -нд дуусч байхад ажиллах газраа олоогүй байж OPT хүсэхдээ OPT эхлэх хугацааг 6 -р сарын 1 -ээр тавих, эсвэл 6 сарын 15 гэх зэргээр тавьдаг. Ийм үед тухайн оюутны OPT эрх зөвшөөрөгдөөд ирчихсэн, заасан хугацаа нь аль хэдийнээ эхэлчихсэн байхад ажил хайж л байдаг. Ингэснээр багахаан олгогдсон тэр нэг жилийн эрхийнхээ багагүй хэсгийг ажил хайж хий өнгөрүүлдэг. Тиймээс OPT эхлүүлэх хугацаагаа хэзээ ажлаа эхлэх тэр үетэй ойртуулж тавих хэрэгтэй. 6 -р сарын 1 -нд эхлүүлэх хүэслт тавьсан бол 6 сарын 1 -нээс буюу ажиллах эрх тань ирэхээс өмнө ажлын байраа хайж бэлдэх хэрэгтэй.
Дараагийнэ зөвлөх зүйл бол өмнө нь дурьдсанчлан цаашид АНУ -д карьер хөөх хүсэлтэй бол анхнаасаа өөрийг тань бичиг баримтанд спонсорлож чадахуйц байгууллагад ажилд ор. Эс тэгвэл та хэдий өөрийгөө тухайн байгууллагад хэрэгтэй хүн гэдгээ харуулж чадсан ч таныг бичиг баримтанд спонсорлож чадахгүй бол та зүгээр л нэг жил туршлага хуримтлуулж, цалин аваад өнгөрнө. Мэдээж сайхан, гэхдээ таныг спонсорлож өгвөл бүр сайхан биз!
OPT эрх авснаар ямар ажил хийж болох вэ?
Таны сурсан мэргэжилийн болон түүнтэй уяалдаа холбоо бүхий ажил хийж болно. Жишээ нь та бизнесээр төгслөө гэж бодоё. Та бизнестэй холбоотой бүхий л төрөлд ажиллаж болно. Учир нь биенес бүхий л байгууллагад хэрэглэгддэг. Харин та харилцаагаар төгслөө гэж бодоё, та сургуулийн элсэлтийн ажилтан буюу admission -нд ч ажиллаж болно.
Өмнө хэлсэнчлэн гол нь таны зорилго АНУ -д удаан хугацаагаанд ажиллаж амьдрах хүсэлтэй бол өөрийг тань бичиг баримтанд ивээн тэтгэх магадлал харагдаж буй байгууллагийг сонгоорой!
OPT эрхийг хэдий хугацаагаар олгодог вэ?
Нэг жилийн хугацаатай олгодог. Энэ хугацаа нь таныг хэзээ ажилд орсноос эхлэхгүй, харин та анх OPT хүсэхдээ эхлэх хугацаагаа хэзээ гэж тавьснаас хамаарна. Жишээ нь таны OPT 6 сарын 1 -нд эхэлсэн, та 7 -р сарын 10 -нд ажилд орлоо. Таны OPT хугацаа ирэх оны 5 сарын 31 нд дуусна. Өөр нэг анхааруулах зүйл гэвэл таны OPT 6 -р сарын 1 -нд эхэлсэн ч та 60 -аас дээш хоног ажилгүй байсан бол таны эрхийг цуцалдаг. Үнэхээр цалинтай ажил олж чадахгүй бол OPT -гээ алдхаас өмнө цалингүй ажилд ч болтугай орж эрхээ хадагалах хэрэгтэй. Бүр болохгүй бол ашгийн бус байгууллагууд цалингүй дадлагажигч авахдаа их нээлттэй байдаг шүү! Ийм цалингүй байгууллагад OPT -ээ алдахгүйн тулд ажиллах бол хагас цагаар орж болно. Үлдсэн цагаараа цалинтай ажлаа хайгаарай.
STEM OPT гэж юу вэ?
STEM гэдэг нь англиар science, technology, engineering болон math гэх үгнүүдийн товчлол буюу монголоор бол шинжлэх ухаан, технологи, инженер болон математик юм. STEM OPT гэхээрээ эдгээр дурдсан төрөлтэй хамаа бүхий мэргэжлээр суралцсан оюутнууд энгийн нэг жилийн эрх бүхий OPT дээрээ дахин 24 сар сунгаж дадлага хийх эрх юм.
Маш олон мэргэжил тус бүлэгт хармагддаг. Та бүхэн доорхи линк -руу орж жагсаалтыг харна уу. STEM бүлэгт хамрагдах мэргэжлүүдийн жагсаалтыг харан бол энд дарна уу!
OPT хүсэх үйл явцыг тайлбарлаач?
1. Сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтан буюу DSO -ын өгөх зааврыг дагах 2. DSO нь өөрийг тань дадлага хийх эрхтэй эсэхийг баталгаажуулсны дараа SEVIS-д хүсэлт гаргаж, I-20 маягтыг хэвлэж гарын үсэг зурна. 3. Шаардлагатай бичиг баримт: – DSO -ын өгөх шинэ I-20 маягтанд оюутан гарын үсгээ зурна. – Ажиллах эрхийн зөвшөөрөл болох маягт I-765 -г бөглөнө. – I-765 маягт, хураамж болон дагалдах бичиг баримтыг DSO-ийн зөвлөсний дагуу 30 хоногийн дотор USCIS -д хүргүүлнэ. 4. USCIS таны маягт I-765-ыг хүлээн авсны дараа хүлээн авсанг нототгох маягт I-797 -г танд шуудангаар илгээх болно. Энэ баримт дугаарыг ашиглан онлайнаар процесоо шалгаад байх боломжтой. Хариу гурван төрөл байна: Нэгт. Таны хүсэлтийг зөвшөөрч танд ажиллах эрх болон илгээнэ. Хоёрт. Танаас нэмэлт материал шаардаж болно. Ингэсэн тохиолдолд танд хугацаа зааж өгнө. Та заасан хугацаанд амжиж нэмэлтээр шаардсан материалыг илгээх хэрэгтэй. Гуравт. Таны хүсэлтэд татгалзсан хариу өгөх гэж ийм гурван төрлийн хариу бий. 5. Оюутан ажиллах эхрээ хүлээн авч, заасан ажиллаж эхлэх өдрөөсөө эхлэн ажиллаж болно. Оюутан ажилдаа орсон, гарсан, ажлаа солисон, гэрийн хаягаа солисон гэх зэрэг мэдээллийг сургуулийнхаа DSO-д 10 хоногтоо багтан мэдэгдэх журамтай байдаг. Харин DSO тань таны тэдгээр шинэ мэдээллийг 21 хоногийн дотор шинэчлэх ёстой байдаг.
OPT эрх хүсэхэд зардал гарах уу?
2019 оны 7 -р сарын 16 -ны байдлаар нийт гарах зардал 495$ байна. Энэ нь буцаан олгогддоггүйг анхаараарай.
Үүнийг задруулвал сургуулийн зүгээс ямар нэгэн төлбөр шаарддаггүй. Харин ажиллах эрх хүсэгч оюутан нь маягт i-765 -ын хураамж 410$ болон биометрик төлбөр 85$ тушаана.
OPT эрхтэй хүн ажил олгогч хэрхэн олох вэ?
Ажил хайдаг хамгийн энгийн бөгөөд хоцрогдож буй арга бол яахын аргагүй ажлын зар гарахыг хүлээгээд зар гарангуут нь бүгд материалаа илгээдэг. Миний хувьд та нарыг ажлын зар гарахыг хүлээж, бас таныг ажилд авахыг хүлээж цаг битгий алдаасай гэж хүсч байна. Учир нь ажлын зарын дагуу олон хүмүүс материалаа илгээдэг. Ингэснээс та олон өрсөлдөгч нараас шалгарч гарч ирэх хэрэг болно. Энэ дунд унаган англи хэлтэй, танаас иилүү ажлын туршлагатай, тухайн улсдаа өсч торнисон Америк иргэд ч бий шүү дээ.
Тиймээс би та бүхнийг зөвхөн ажлын зарын дагуу материалаа илгээхээс гадна өөрийн намтраа 10, 20 хувь хэвлэж аваад байгууллагуудаар орж өөрийн санаа бодлоо илэрхийлж ярилц, уулз гэж зөвлөмөөр байна. Магадгүй таны зорилго, таны чадвар тэдэнд хэрэгтэй гэж үзэн ажлын байр олгох тохиолдол байдаг. Эсвэл удалгүй ажлын орон тоо гарахад таньтай эргэж холбогдох үе байдаг. Энэ үед хэдий танаас гадна өчнөөн хүмүүс ажилд орох гэж материалаа илгээх ч гэсэн таны материалыг бол эхэнд тавьж үзэх магадлал их өндөр. Учир нь хувь хүний чадвараас гадна таныг хэр их чармайлт гаргаж байгааг тэд харсан шүү дээ. Зарим байгууллага мэдлэг чадвараас гадна тухайн хүний хичээл зүтгэл, идэвхи санаачлагийг чухалчилж үздэг үед амьдарч байна гэж би хувьдаа боддог.
Би өөрөө яг энэ замаар явж байсан тул надад их өгөөжтэй санагдсан. Эхний 3, 4 байгууллагад ороод хэнтэй нь уулзахаа мэдэхгүй, хэдий урьдчилан бэлдсэн ч гэсэн уулзалтын үед юунаас эхлэхээ мэдэхгүй сандрах үе бишгүй тулгарч байсан. Харин 5, 6 дахь байгууллагаас эхлээд хэл ам ч зүгшрээд их сайхан эвтэйхэн болж ирж билээ.
Миний хувьд тухайн үедээ ажиллах эрх ч байхгүй F-1 оюутан байсан тул ингэж 11 байгууллагаар орсноос нэг нэр хүндтэй хуулийн байгууллага, нэг жижиг хуулийн фирм хоёрд цалингүй дадлага хийх эрх авсан. Намайг дараа бичиг баримтанд спонсорлох магадлалтай нь жижиг нь байсан, дээрээс нь цөөхүүлээ ажилладаг учир надад тэднээс юм суралцах боломж их харагдсан гэх зэрэг шалтгаанаас болж жижгийг нь сонгож ажиллаж байсан. Энэ нь бүгд биелэлээ олсон. Энэнээс та бүхэнд юу хэлэх гээд байна вэ гэхээр та санаа чинь зовж, ичиж байсан ч гэсэн доор хаяж хэдэн байгууллагуудаар орж хүмүүстэй нь уулз, ярилц! Таныг ажилд авдаггүй юмаа гэхэд танд дараа ажлын ярилцлаганд ороход чинь туршлага болж үлднэ. Ингэж явахад та хоёроос гуравхан өдрийг л зарцуулахад хангалттай шүү дээ.
Идэвхитэй бай! Хэн нэгнийг та надаас бага мэдлэгэтэй, эсвэл бага чадвартай, надаас муу хэлтэй хэрнээ яаж ийм ажилд орсон юм бол гэж бодож байсан уу? Тийм бол тэр хүн чинь танаас илүү идэвхи, хичээл зүтгэлтэй байна гэсэн үг. Та ч гэсэн идэвхи санаачлагатай бай!
OPT -д зөвшөөрөгдсөн хугацаагаа сунгах боломжтой юу?
OPT -д заасан хугацааг STEM OPT хүсэх эрх бүхий мэргэжлээр суралцсан оюутнууд хүсэх эрхтэй байдаг.
OPT дууссаны дараа дахин өөр чиглэлээр F-1 статус -аар сурч болох уу?
Үүнийг жишээгээр тайлбарлая! – Та энэ жил бакалаврын зэрэг авч нэг жил OPT дадлага хийлээ гэж бодоё. Таны OPT дууссаны дараа 60 хоногийн ‘Grace Period’ буюу хөтөлбөр дууссаны дараахи 60 хоногт багтан сургуулиа шилжүүлж өөр сургалтанд хамрагдаж болно. OPT тань дуусахаас өмнө OPT -гөө зогсоон сургуулиа ч шилжүүлж болдог. Та мастерд суралцаж болно, тэгвэл мастерынхаа хөтөлбөрийг дуусгасны дараа хүсэлт гаргаж дахин нэг жил OPT дадлага хйиж болно. – Харин та мэргэжлийн зэргээ дээшлүүлэлгүй хэлний сургалтанд орох хүсэлтэй байна гэж бодоё. Үүний шалтгаан нь өөр өөр байдаг. Зарим нэг нь хүссэн сургуульдаа мастерд орох гэхээр өөрийн тань хэл хангалтгүй гэж үзэж байвал хэдий баклавраа дүүргэсэн ч гэсэн эргээд хэлний сургуульд орж болно. Харин зарим нэгэнд мэргэшлийн шалгалт буюу GMAT, LSAT гэх зэргийн оноо хэрэгтэй байж болно. Ийм тохиолдолд тухайн тест болон хэл хослосон хөтөлбөр олгодог сургуульд элсэн орох боломжтой. – Яагаад үүнийг дурьдаж байна гэхээр та АНУ -д эрдмийн зэрэг хамгаалсан хэрнээ яагаад буцаж хэлний сургуульд орох гэж байгаагаа орох сургуульдаа тайлбарлах шаардлага гардаг юм.
За ингээд уншигч та бүгдийг хүссэн мэргэжлээрээ суралцаад, хүссэн ажилдаа орж олон арвин туршлага хуримтлуулахыг хүсэе!
Хүндэтгэсэн, И. Боно Чикаго хот
***Энэхүү мэдээллийн дагуу ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй болно***
Comments