top of page

Санта Өвөөгийн Нислэгийг "Локатораар Хянаж" Эхэлсэн Түүх

2019 оны 12-р сарын 24

Алс холын Америкт амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүсдээ Зул Сарын Мэнд Хүргэе!


Бидний үргэлжлэл болсон хонгорхон үрс минь хүүхэд насны гайхалтай дурсамжаар дүүрэн байж, угтан ирэх өглөө бүр нь Зул сарын баяр мэт гэгээлэг, өөдрөг, cэтгэл догдлом мөчөөр бялхан, үргэлж инээд хөөр цангинан цалгиж, аз жаргалтай амьдрах болтугай хэмээн ерөөгөөд бага насны хүүхэдтэй айлууд баяраа гайхалтай, дурсамж дүүрэн тэмдэглээрэй гээд энэхүү мэдээллийг хуваалцаж байна.


NORAD буюу Хойд Америкийн Агаарын Зайн Батлан Хамгаалах Команд нь Колорадо мужийн Колорадо Спрингс хотод байрладаг бөгөөд энэ байгууллагын зорилго нь БХЯ болон холбогдох бусад агентлагуудтай хамтран АНУ, Канадын агаарын зай, далай тэнгисийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл солилцох, аливаа довтолгоо, сэжиг бүхий үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.


NORAD нь Зул Сарын баярын уламжлал, ид шидтэй Санта өвөө (St.Nick)-гийн түүхийг улам үнэмшилтэй, баяр хөөртэй болгох үүднээс жил бүрийн 12-р сарын 24-ний өглөөнөөс 24 цаг хүртэл хүүхдүүдэд зориулан Cанта өвөө Хойд туйлаас хөдлөн дэлхийг тойрох аялалыг шууд дамжуулан үзүүлдэг билээ.


Тэртээ 1955 онд АНУ-ын жижиглэн худалдааны сүлжээний томоохон дэлгүүр Sears анх Санта өвөөтэй ярих утсыг сонинд зарлажээ. Нэгэн жаал дугаараа андууран NORAD рүү санамсаргүй залгаснаар Санта өвөөгийн аялалыг ТВ, радиогоор зарлах санаа анх гарсан гэдэг. Үүнээс хойш 3 жилийн дараа буюу 1958 оноос Санта өвөөгийн цаа бугын нислэгийг радио локатороор "албан ёсоор анх удаа хянан" эхэлсэн бөгөөд эдүүгээ 64 дэхь жилтэйгээ золгож байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос уншина уу: www.norad.mil


Энэ өдөр мөн АНУ-ын CNN, FOX гэх мэт орон нутгийн ТВ, радиогоор нэвтрүүлгийнхээ дундуур Сантагийн Аялалын талаарх шуурхай мэдээллийг үе үе оруулж, аль тив, аль улсын дээгүүр нисэж, хэдэн бэлэг тарааж, хэдэн мянган бээр аялж байгааг харуулна.

Хүүхэд, багачууд Зул сарын өмнөх орой Санта өвөөд зориулан амтат жигнэмэг, аяга сүү бэлдэн, захиагаа бичин үлдээж, Сантагийн хөлөглөдөг чарганы мөнгөн хонхны чимээг тэсэн ядан хүлээж зүүдээ манан хононо. Тэд Зул Сарын өглөө яаран босон Санта өвөөгийн үлдээсэн бэлгийг уулга алдан, инээд хөөрөөр дүүрэн яаран задлана. Хүүхдүүд Санта өвөөд талархан, түүний ид шидийг гайхан бишрэн нүдэнд нь баярын оч гялалзах энэ л давтагдашгүй мөчийг алдахгүй хальсандаа буулгаж буй эцэг эхчүүд...Энэ бол энгийн Америк айлын Зул сарын баярын өглөөний дүр зураг. Энэ бол гэр бүлийн баяр, хайр дурсамжаар дүүрэн өдөр. Зул Сарын баярын уламжлал нь гэр бүлийн хамгийн эрхэм үнэ цэнэтэй дурсамж юм.


Зул Сарын баярын "ид шидийг" уламжлал болгон бяцхан үрстэйгээ Санта Өвөөгийн аялалыг дагаарай! Мөн NORAD рүү 1-877-446-6723 энэ утсаар холбогдож Санта Өвөөтэй ярих боломжоо бүү алдаарай!


Эх сурвалж: https://www.noradsanta.org/

4 views0 comments
bottom of page