top of page

Олон Улсын Охидын Өдөр: "Дижитал Хагарал"-ыг таниулж байна

Updated: Mar 28, 2022

Жил бүрийн 10-р сарын 11-нд Дэлхийн Охидын Эрхийн Өдрийг өөр өөр сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.


Энэ жилийн Охидын Өдөр нь "Дижитал Эрин-Бидний Эрин" гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд WE Mongolia байгууллагын Gen Z охидууд үүнтэй холбогдуулан "Дижитал Хагарал"-ыг таниулах богино мэдээлэл бэлдсэнийг та бүхэндээ толилуулж байна.


Дэлхийг хамарсан цар тахлын улмаас сургууль, ажил, үйлчилгээ бүхэлдээ цахим горимд хүссэн хүсээгүй шилжсэнээр digital divide буюу "дижитал хагарал" улам ихсэж байна.


Дижитал хагарал гэдэг нь интернэт холболт, дижитал төхөөрөмж, цахим ертөнцөнд нэвтрэх боломжтой ба боломжгүй айлуудын дунд үүссэн хагарал юм. Дижитал Хагарал нь өрхийн орлого, хувь хүний боловсролоос шууд хамааралтай бөгөөд энэхүү тэгш бус байдал нь хүүхдийн суралцан боловсрох эрх, мөн цахим мэдээлэл хүртэх, үйлчилгээ авах, цахимаар үзэл бодлоо илэрхийлэх, цахим бизнес эрхлэх зэрэг хүний эрхэнд сөргөөр нөлөөлж эхэлсэн нь дэлхий нийтийн санааг зовоосон цоо шинэ сорил болж байна.


Дижитал Хагарал нь зөвхөн ядуу, хөгжиж буй орнуудад учирч буй сорил бус дэлхийн эдийн засгийн хамгийн том хүчирхэг улс АНУ-д ч бодитоор нүүрлэж байгаа тухай охидууд сануулж байна. Гэхдээ ялгаатай тал нь дижитал салбарын хүчирхэг корпарицуудаас эхлээд цахилгаан холбооны компаниуд, сургууль, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлага, филантроп үзлийг чухалчлан Дижитал Хагарлыг арилгах талаар хамтран ажиллаж байгаа юм.


Ковид-19 цар тахлын үед охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл эрс нэмэгдсэний хажуугаар, тэдний амьдралын тэнцүү биш ачаа хэд дахин хүндэрч, олон олон хүүхдүүд сургуулиа орхиж байгаад Gen Z охидууд санаа зовж буйгаа илэрхийлж байна.


"Цахим Шилжилт" хийж, "Цахим Улс" болохын тулд цахим ертөнцийн ард хоцорсон хүүхэд, эмэгтэйчүүдэд цахим эрхээ эдлэх боломжийг бүрдүүлтэл бид "Цахим Эриний, Цахим Үе"-хэмээн бахархах хараахан эрт бөгөөд, Дижитал Хагарлыг арилгахад дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.


Хүүхдийн сурч боловсрох эрхэд ийнхүү шинэ сорил, бэрхшээл тулгарч, үүнд охидууд илүү өртөж байгааг UNICEF-ээс гаргасан судалгаа харуулжээ.


70 views0 comments
bottom of page