top of page

Нийгмийн Халамж Хүртэгч (Public Charge), Тэтгэмжүүдийн тухай

2020 оны 2-р сарын 24

“Public charge” буюу нийгмийн халамж хүртэгч гэж хэн бэ?


Нийгмийн халамжийн бэлэн мөнгөөр өрхийн орлогын гол эх үүсвэр хийх буюу төрийн зардлаар урт хугацааны турш амьжиргаагаа залгуулах магадлал өндөр хувь хүнийг “public charge” гэнэ.


АНУ-ын Цагаачлал, Иргэншлэлийн Тухай хуулийн 212(a)(4)-р заалтын дагуу байнгын оршин суух эрх буюу Ногоон Карт авах хүсэлт гаргаж буй этгээд “визний статусаа солиулах өргөдөл гаргах үедээ нийгмийн халамж хүртэх магадлал өндөр” байвал түүний өргөдлийг хүчингүйд тооцно.


Тухайн хувь хүн нийгмийн халамж хүртэж болзошгүйг тогтооход дор дурсан тодорхой хүчин зүйлс нөлөөлнө. Тухайлбал:

· Нас

· Эрүүл мэнд

· Гэр бүлийн байдал

· Үл хөдлөх хөрөнгө

· Хөрөнгө, орлогын эх үүсвэр

· Санхүүгийн байдал

· Боловсрол, ур чадвар

· Төрөөс санхүүжиж буй тэтгэлэг, хангамж авч байсан эсэх

Өргөдлийг хянаж буй Цагаачлалын албаны байцаагч нь дээрх хуулийн 213А-р заалтын дагуу тухайн хүсэлт гаргасан этгээдийг спонсорлох хувь хүн, байгууллагын баталгааг харгалзан үзэж болно.


Бэлэн мөнгөний бус ба тусгай зориулалтын тэтгэмж


Бэлэн мөнгөний бус ба тусгай зориулалтын тэтгэмж нь богино хугацаанд олгох нийгмийн нэмэлт халамж бөгөөд түүнийг удаан хугацаагаар өрхийн орлогын гол эх үүсвэр болгон ашиглах ёсгүй.


Гэхдээ төрөөс үзүүлсэн тэтгэмж, туслалцаа бүр “нийгмийн халамж хүртэгч” хэмээн тодорхойлох шалтгаан болохгүй. Дор дурдсан нэмэлт халамж хүртэж байсан, эсвэл хүртэж байгаа бол “public charge” болох эсэхийг тодорхойлох шийдвэрт нөлөөлөхгүй. Үүнд:


· Дархлаа тогтоох вакцинжуулалт; халдварт өвчний шинж тэмдгийг оношлох, эмчлэх; богино хугацаанд нөхөн сэргээх үйлчилгээ авах; эрүүл мэндийн түргэн тусламж авах зорилгоор Мedicaid зэрэг бусад эрүүл мэндийн даатгал, үйлчилгээнүүдэд хамрагдах;

· CHIP буюу Хүүхдийн Эрүүл Мэндийн Даатгалын Хөтөлбөр;

· Шим тэжээлийн хөтөлбөрүүд: хоолны талон (food stamp); Эмэгтэйчүүд, нярай, хүүхдүүдэд зориулсан нэмэлт шим тэжээлийн тусгай хөтөлбөр (WIC); сургуулиудын өглөө, өдрийн хоолны үндэсний хөтөлбөр болон онц хүнд байдлын үед олгох хоол хүнсний тусламжийн хөтөлбөрүүд;

· Байрны хөнгөлөлтүүд;

· Хүүхэд асрах үйлчилгээнүүд;

· Бага орлоготой өрхөд туслах эрчим хүч ашиглалтын хөтөлбөр (LIHEAP);

· Онцгой хүнд байдлын тусламжууд;

· Асралт гэр бүл (foster care), хүүхэд өргөж авахад үзүүлэх тусламж;

· Head Start Act-ийн хүрээнд олгож буй боловсрол олгох халамж, туслалцаа;

· Ур чадвар олгох, хөдөлмөр сургалтууд;

· Төрийн бус байгууллагуудаас үзүүлж буй бэлэн бус мөнгөний тусламж, халамж, үйлчилгээнүүд (богино хугацааны хамгаалах байр, хямралын үед зөвлөгөө өгөх, сайн дурын ажилтнуудын үнэгүй үдийн хоолны хөтөлбөр “soup kitchen” г.м)


Public Charge-д үл хамаарах хүмүүс:


Дор дурдсан бүлэгт хамаарах этгээд “public charge”- д хамаарахгүй:


· Дүрвэгсэд

· Орогнол хүсэгчид

· Визний статусаа солиулж байнгын оршин суух эрх авахаар өргөдөл гаргаж буй дүрвэгсэд, орогнол хүсэгчид

· Вьетнам (Amerasian) цагаачид

· Куба иргэдийн статусыг зохицуулах тухай хуулийн (Cuban Adjustment Act) дагуу тусламж хүртсэн хувь хүмүүс

· Никарагуа, Төв Америкэд Тусламж Үзүүлэх тухай хуулийн дагуу тусламж хүртсэн хувь хүмүүс

· “Т” төрлийн визэд өргөдөл гаргасан хувь хүмүүс

· “U” төрлийн визэд өргөдөл гаргасан хувь хүмүүс

· “T” төрлийн визтэй бөгөөд байнгын оршин суугч болохыг хүсэж буй хувь хүмүүс

· “U” төрлийн визтэй бөгөөд байнгын оршин суугч болохыг хүсэж буй хувь хүмүүс

· “Түр хамгаалалтын статус”-тай өргөдөл гаргагчид

· LIFE Act-ийн заалтанд хамаарах тодорхой бүлэг хүмүүс


Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу:

bottom of page