top of page

АНУ-ын Виз болон Статус Юугаараа Ялгаатай Вэ?

Updated: Jan 19, 2021

Эх сурвалж: И. Боно https://pointepost.com/visa/differences-between-visa-and-status/

АНУ-ын визний төрөл ангийг ерөнхийд нь авч үзвэл 30 гаран төрөлтэй, үүнийг дотор нь задалж үзвэл 80-аад ангилалтай байдаг.

Ингээд виз болон статус хоёрын ялгааг харьцуулан бэлтгэсэн нийтлэлээ та бүхэнд хүргэж байна!

Виз гэдэг нь та бидний гадаад паспорт дээр нааж өгдөг цаас буюу АНУ-д нэвтрэх эрх юм.

Харин хэдий хугацаанд АНУ-д байж болохыг хил дээр Цагаачлалын албаны байцаагч таны аялалын зорилгоос хамаарч тодорхойлж өгдөг. Үvнийг нь статус гэж нэрлэдэг.

Виз болон Статус-ыг хэн олгодог вэ?

ВИЗ: Виз нь зөвхөн АНУ-д ороход хvчинтэй буюу үүнийг Элчин Сайдын Яам, Консулын Хэлтэсээр дамжуулан олгодог.

СТАТУС: Статус нь зөвхөн АНУ-д байхад хvчинтэй байдаг тул vvнийг АНУ-ын Цагаачлалын Албанаас олгодог.

Хугацааны хувьд ямар ялгаатай вэ?

Та виз-н дээр заасан хугацаанд АНУ-н хилээр орж гарах боломжтой байдаг, харин энэхүү цаасан визний хугацаа дууссаны дараа та АНУ-ын хилээр гарвал эргэн АНУ-д орж ирэхдээ заавал дахин ярилцлаганд орж шинэ виз даруулах шаардлага гардаг.

Харин таны статус дээрхи хугацаа дуусаагүй, мөн АНУ-ын хилээр гарах шаардлагагүй бол паспорт дээрхи виз тань дууссан ч хилээр гарч шинээр виз даруулах шаардлагагүй байдаг.

Яагаад хүмүүс хил дээрээс буцаагддаг вэ?

АНУ-ын виз авсан хэрнээ хил дээрээс буцаагдах тохиолдол цөөнгүй гардаг. Виз бол АНУ-д орох эрх боловч заавал оруулах баталгаа болж өгдөггүй.

Хэрэв сэжигтэй санагдвал зарим тохиолдолд өөрт тань яг ямар шалтгааны улмаас хилээр нэвтрүүлэхгүй байгааг ч хэлэхгүйгээр хилээр оруулахаас татгалзах эрх Цагаачлалын Албаны Байцаагчид байдаг.

Хилээр нэвтрvvлэхээр болвол АНУ-д хэдий хугацаанд байж болохыг таны АНУ-д орох зорилгоос тань хамаарч зааж өгдөг.

Визний хугацаа дуусах болон Статусны хугацаа дуусах хоёрын ялгааг жишээгээр тайлбарлана уу?

Виз Баяраагийн оюутны виз нэг жилийн хугацаатай буюу 2017 оны 1 сараас 2018 оны 1-р сар хүртэл хүчинтэй. (Энэ нь паспорт дээрхи визний дуусах хугацаа юм) Баяраа АНУ-д ирээд сургуулидаа бүртгүүлээд I-20 маягтаа хартал үүнийх нь хугацаа 2019 оны 6-р сард дуусах байв. (Энэ нь статус нь дуусах хугацаа юм) Баяраа 2017 оны 6-р сард амралтаараа Монгол явчихаад ирэх хэрэг гарлаа. Баяраагийн паспорт дээрхи визний хугацаа дуусаагүй тул дахин ярилцлаганд орох шаардлагагүй, өөрөөр хэлвэл тийз болон бичиг баримт байхад л болно гэсэн үг.

Статус Сувдаагийн оюутны виз нэг жилийн хугацаатай буюу 2015 оны 1 сараас 2016 оны 1-р сар хүртэл хүчинтэй. (Энэ нь визний дуусах хугацаа юм) Сувдаа АНУ-д ирээд сургуулидаа бүртгүүлээд I-20 маягтаа хартал үүнийх нь хугацаа нэг жилийн хүчитэй буюу 2016 оны 2-р сард дуусах байв. (Энэ нь статус нь дуусах хугацаа юм) Сувдаа жилийн дараа сургуульд сурсан хэвээр байгаа тул сургууль нь түүний I-20 маягт дээрхи хугацааг сунгаад явж. Энэ маягаар 4 жил өнгөрсөн ч Сувдаагийн статус ямар нэг зөрчилгүй байна. Тэрээр 2018 онд амралтаараа Монгол явчихаад ирэх хэрэг гарлаа. Хэдий статусных нь хугацаа дуусагүй ч гэсэн Сувдаа буцаж АНУ-д ирэхийн тулд дахин ярилцлаганд орж шинэ виз паспорт дээрээ даруулах хэрэг гарлаа. Үүний тулд дахин яриилцлагын хураамж төлнө. (Дээр дурьдсанчлан виз бол зөвхөн хилээр орох гарах эрх бүхий цаас. Тиймээс таны статусны хугацаа дуусаагүй ч визний хугацаа дууссан бол та хилээр гарч болно, харин буцаж АНУ-ын хилээр нэвтрэхийн тулд шинэ виз даруулсан байх шаардлагатай)

Статусаа зөрчвөл юу болох вэ?

Та АНУ-д байх хугацаандаа статусаа зөрчвөл статусгүй ‘Out of Status’ буюу хууль бусаар оршин суугч ‘Illegal’ буюу ‘Undocumented Alien’ болж хувирна. Бидний хэлж заншсанаар бол гадаадад харласан хүн болж хувирах юм. Ингэснээс АНУ-н хилээр гараад буцаж орж ирэхэд ихээхэн хүндрэлтэй болдог.

Таны статусгvй байсан хугацаанаас шалтгаалан АНУ-д дахин орох эрхгvй болдог. Тухайлбал, 6-н сараас дээш хугацаагаар хууль бусаар байсан бол 3 жил, 1 жилээс илvv хугацаанд байсан бол 10 жил АНУ-д орох эрхгvй болдог.

Миний бодлоор хамгийн чухал нь АНУ-д байх хугацаандаа ямар нэгэн байгууллагаар ногоон картанд спонсорлуулах эрхгүй болдог. Иймээс блогчин миний зүгээс та бүхнийг түр зуурын шаардлагаас болж стутасаа битгий алдаасай гэж хүсч байна. Статустай байгаа цагт та өөр төрлийн статус хүсэх эрх, мөн таньд ажиллах эрх, ногоон картнаас эхлээд боломж их байх болно.

Статус-аа алддаг нийтлэг шалтгаанаас дурьдна уу?

Тvгээмэл шалтгаануудын нэг нь сурна гэж ирээд сургуулиа орхисноос болж сургуулиараа дамжуулан статусаа сэргээлгэх боломжгvй болох, сургуулиа төгссөн хойно АНУ-д хууль бусаар vлдэх байдаг. Хэрвээ та амралт, чөлөө зэргээс бус сургуульдаа явахгүй бол таны паспорт дээрхи виз болон I-20 маягт дээрхи хугацаа дуусаагүй байсан ч гэсэн та статус-аа алдна.

Аялалын визтэй хүмүүсийн хувьд АНУ-д байх хугацаагаа хэтрvvлэх явдал юм.

Өөр нэг миний анзаарсан шалтгаан бол хүмүүс аялалын визтэй ирчихээд тэрийгээ оюутны виз болгох хүсэлт явуулсны дараа татгалзсан хариу авбал заасан хугацаанд багтаж Монголруу буцаж очоод оюутны виз хүсч орж ирэхийн оронд шууд АНУ-д харлан үлддэг.

Эдгээрээс гадна АНУ-д олон төрлийн төрийн хангамж болон тусламжийн хөтөлбөрт хамрагдах байдаг. Жишээ нь нэг оюутан охин улсын хангамжийн хөтөлбөрт хамрагдан хүүхдээ төрүүлж. Энэ охины виз болон статусын хугацаа дуусах болоогүй ч хэрвээ тэр охин АНУ-ын хилээр гарвал буцаж орж ирэхэд асуудал үүсдэг. Тиймээс та бүхэн юунд хамрагдаж болох үгүйгээ өөрсдийн ирээдүйн төлөвлөгөөний дагуу сайтар судалж үзсэний дараа хамрагдахыг зөвлөж байна!

Хүндэтгэсэн, И. Боно

***Энэхүү мэдээллийн дагуу ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй болно***

bottom of page