top of page

Цагаачлалын статусаас үл хамааран гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах хуулийн тухай товчхон

Updated: Jul 17, 2022

АНУ-д амьдарч буй гадаадын иргэд, нэн ялангуяа бичиг баримтгүй иргэд аливаа гэмт хэргийн гэрч, хохирогч болсон тохиолдолд, "баривчлагдан" тус улсаас хөөгдөнө эсвэл дарамт сүрдүүлгэнд орсны улмаас хүүхэд асран хамгаалах эрхээ алдана хэмээн буруу ойлгож тухайн хэргийн золиос болсноо мэдэгдэх, хүлээн зөвшөөрөхөөс айдаг.

АНУ-д оршин суугаа бүх хүн цагаачлалын статусаас үл хамааран хүчирхийллээс ангид амьдрах эрхтэй. Энэхүү эрх нь АНУ-ын үндсэн хууль болон Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай хууль, Хүний наймаа хүчирхийллээс сэргийлэх тухай хуулиудаар хамгаалагдсан байдаг. Хэрэв та тодорхой гэмт хэрэгт өртөн бие махбод, сэтгэл санааны ноцтой хохирол амссан бол цагаачлалын бус U, Т төрлийн виз хүссэнээр түр оршин суух болон ажиллах эрх авах боломжтой. Эдгээр визийг 3 жилийн хугацаатай олгодог бөгөөд энэ хугацаанд аливаа гэмт хэрэг үйлдээгүй, хууль сахиулах, шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж тодорхой шаардлагуудыг хангасан бол улмаар байнгын оршин суух эрх буюу "ногоон карт" авах эрх нээгддэг.


Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай хууль (VAWA) ба цагаачлалын бус "U" төрлийн виз

Violence Against Women Act, 1994 буюу VAWA нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэгч этгээдээс (нөхрөөсөө) хамааралгүй бие даан өргөдөл гаргаж ногоон карт авах эрхийг хуульчилсан.

Та доорх нөхцлийг хангаж байвал U-төрлийн виз хүсэх эрхтэй. Үүнд:

  • Хохирогч нь АНУ-ын иргэн эсхүл "ногоон карт" эзэмшигчийн эхнэр, хүүхэд, эцэг эхийн аль нэг нь байх;

  • Гэрлэсэн бол, хайр сэтгэлээр холбогдсон хамтын амьдралаа нотлох (бичиг баримттай болох зорилгоор хуурамчаар гэрлэх, хүчирхийлэгч этгээдэд мөнгө төлөөгүй байх г.м);

  • Гэрлэлтээ цуцлуулсан бол, шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байх ёстой бөгөөд 2 жилээс хэтрээгүй байх;

  • Хуулинд тодорхойлон заасан гэмт хэргүүдэд өртөж, бие махбод, сэтгэл санааны ноцтой хохирол амссан;

  • Тухайн гэмт хэргийн талаарх эх сурвалж, үнэн зөв мэдээлэл нотлох баримттай байх;

  • Хууль сахиулах байгууллагаас тодорхойлолт авах;

  • Тухайн гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах үйл ажиллагаанд идэвхитэй хамтран ажиллах;

  • I-360 Маягтыг үнэн зөв бөглөх. U-виз хүсэхэд хураамж төлөхгүй боловч, хураамжаас чөлөөлөгдөхийг хүссэн I-912 маягт эсвэл гараар бичсэн өргөдөл илгээх;

  • Шаардлагатай бусад нотлох баримт бичгийг илгээх.

Хэдийгээр хуулийн нэр нь "эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай" гэсэн тодотголтой боловч VAWA-нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд төдийгүй ижил төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эрчүүдэд мөн үйлчилдэг учир хуулийн шаардлагыг хангасан бол эрэгтэй хохирогчид VAWA-гийн дагуу өргөдөл гаргах эрхтэй.


"U" төрлийн визэнд хамаарах гэмт хэргүүд:


Хүний наймаа, хүчирхийллээс сэргийлэх тухай хууль (TVPA) ба цагаачлалын бус "Т" төрлийн виз

Victims of Trafficking and Violence Prevention Act, 2000 буюу TVPA нь хүний наймаа, хүчирхийлэлийн гэмт хэрэгтэй тэмцэх, эдгээр гэмт хэргийн золиос болсон АНУ-ын иргэд төдийгүй бичиг баримтгүй иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд зориулсан Холбооны нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хуульчилсан.

Энэ хуулийн хүрээнд хүний наймааны хүнд хэлбэрийн золиос болсон гадаадын иргэд цагаачлалын бус Т-төрлийн виз авах эрхтэй бөгөөд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Хуулинд тодорхойлон заасан хүний наймааны хүнд хэлбэрт өртсөн;

  • Тухайн гэмт хэргийн талаарх эх сурвалж, үнэн зөв мэдээлэл нотлох баримттай байх;

  • Тухайн гэмт хэргийг мөрдөн байцаах, яллах үйл ажиллагаанд идэвхитэй хамтран ажиллах;

  • Хохирогч аливаа гэмт хэрэг үйлдэх эсвэл хамсаатнаар оролцож байгаагүй;

  • АНУ-аас гарах тохиолдолд харгис, ноцтой гэмт хэргийн золиос болох аюулыг нотлох;

  • I-914 Маягтыг үнэн зөв бөглөх. Т-виз хүсэхэд хураамж төлөхгүй боловч, хураамжаас чөлөөлөгдөхийг хүссэн I-912 маягт эсвэл гараар бичсэн өргөдөл илгээх ёстой.

  • Шаардлагатай бусад нотлох баримт бичгийг илгээх.

TVPA хуулинд тодорхойлсноор, хүний наймааны хүнд хэлбэр гэж хэн нэгнийг хүсэл зоригынх нь эсрэг залилах, айлган сүрдүүлэх, өр барьцаалах, хүч хэрэглэх замаар бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт оруулах, боолчлох үйлдлүүд юм.


Цагаачлалын бус U, T төрлийн визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлалын албаны доорх холбоосноос тодруулан уншина уу:



Зөвлөмж:

Futures Without Violence төрийн бус байгууллагаас гаргасан Зөвлөмжинд хүчирхийлэгч буюу хэрцгий зан авиртай хамтран амьдрагч дараах тактикуудыг хэрэглэн сүйт бүсгүйгээ дарамтлан хүчирхийлэлийн хохирогч болгодог. Үүнд:

1. Тусгаарлах: Англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлэхгүй, найз нөхөд, гэр бүл төдийгүй нэг үндэстэн, нэг хэлээр ярьдаг бусад хүмүүстэй харьцах, нөхөрлөхийг хориглох.

2. Айлган, сүрдүүлэх. Цагаачлалын албанд мэдэгдэх, АНУ-аас хөөн гаргуулах, статусаа солиулахаар гаргасан өргөдлийг нь буцаан татах, эсвэл статусыг нь солиход туслахгүй г.м

3. Заналхийлэх. Биеийн байцаалт болон хуулийн бичиг баримтыг нь устгах, хураах (пасспорт, ногоон карт, жолооны үнэмлэх, эрүүл мэндийн даатгал г.м)

4. Иргэншил, хуулийн статустай холбоотой заль хэрэглэх. Хүчирхийллийг цагдаад мэдэгдвэл цагаачлалын статусыг солиулах өргөдөл хүчингүй болно гэж худлаа хэлэх.

5. Эдийн засгийн хүчирхийлэл. Ажил руу нь утасдаж халуулахаар оролдох, хохирогчийг бичиг баримтгүй гэж хуурамч мэдээлэл өгөх.

6. Хүүхдийн эрхэд халдах. Цагдаад мэдэгдвэл хүүхдийг хүчирхийлнэ эсвэл хохирогч хүүхэд асрамжлах эрхээ алдана хэмээн айлгах.


Та болон таны найз, таньдаг бүсгүй дээрх тохиолдолд орсон бол 911 даруй холбогдон гэмт хэргийг цаг алдалгүй мэдээлж, National Domestic Violence Hotline 1-800-799-7233, хэрэв бэлгийн хүчирхийлэлд автсан бол National Sexual Assault Hotline 1-800-656-4673 утсанд холбогдохыг зөвлөж байна.


Эх сурвалж: www.uscis.gov

60 views0 comments
bottom of page