top of page

Америкийн Баярын Өдрүүд: Тусгаар Тогтнолын Өдөр

Updated: Jan 19, 2021



Долоодугаар сарын 4 буюу Тусгаар Tогтнолын баярын өдрийг 1941 онд АНУ-ын Сенатын танхимаас бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Гэхдээ энэ өдрийг тэмдэглэх уламжлал нь бүр 18-р зууны Америкийн Хувьсгалаас улбаалсан байдаг.


1776 оны 7-рсарын 2-ны өдөр Эх газрын Конгресс (Continental Congress) хуралдан Америкийн тусгаар тогтнолыг дэмжсэн санал хураав. Түүнээс 2 өдрийн дараа уг хурлаар 13 колони мужийн төлөөлөгчид Томас Жефферсоны боловсруулсан түүхэн Тусгаар Тогтнолын Тунхаг бичгийг хэлэлцэн баталжээ. Ийнхүү Америкчууд 1776 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 7-р сарын 4-ний өдрийг АНУ-ын мэндэлсэн өдөр хэмээн ёслол төгөлдөр тэмдэглэсээр ирсэн.


Америкийн мэндэлсэн өдрийн түүхийг сөхвөл...


1775 оны 4-р сард хэсэг колони улсууд Их Британиас чөлөөлөгдөж нэг мөр тусгаар тогтнохыг эрмэлзэж Хувьсгалын төлөөх Дайн (Revolutionary War) эхэлсэн.

1776 оны эхээр Их Британий эсрэг тэмцэх сурталчилгаа ид өрнөсний дотор Томас Пайн (Thomas Paine)-ий “Бодит байдал” (“Common Sense”) товхимол чухал байр суурь эзэлдэг. Тэрээр товхимолоороо дамжуулан хувьсгал, тусгаар тогтнолын үзэл санааг түгээн тарааж байсны үр дүнд 1776 оны дунд үе гэхэд тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд илүү олон колони улсууд нэгдсэн байна.


1776 оны 6-р сарын 7. Эх газрын Конгресс Пенсилвани мужийн төрийн танхимд (хожим нь Тусгаар Тогтнолын Танхим гэж нэрлэдэг болсон) хийсэн хурлын үеэр Виржиниа мужийн төлөөлөгч Ричард Хенри Ли (Richard Henry Lee) колони улсуудын тусгаар тогтнолын асуудалд санал хураалгахаар танилцуулжээ.Халуун маргаан өрнөсөний эцэст Kонгресс Ричард Хенри Лигийн гаргасан шийдвэрт санал хураахыг түр хойшлуулж харин Их Британиас салан тусгаарлах үндэслэл буюу албан ёсны мэдэгдэл боловсруулах үүрэг бүхий 5 хүний бүрэлдхүүнтэй хороог байгуулан баталжээ. Уг 5 гишүүний бүрэлдхүүнд дараах төлөөлөгчид орсон байв. Үүнд:


1) Виржиниа мужийн сенатор Томас Жефферсон (Thomas Jefferson)

2) Массачутс мужийн сенатор Жон Адамc (John Adams)

3) Коннектикат мужийн сенатор Рожер Шерман (Roger Sherman)

4) Пенсилвани мужийн сенатор Бенжамин Франклин (Benjamin Franklin)

5) Нью Йорк мужийн сенатор Роберт Ливингстон (Robert Livingston)


1776 оны 7-р сарын 2. Эх газрын Конгресс Ричард Хенри Лигийн гаргасан тусгаар тогтнолын тухай шийдвэрт санал хураахад бараг 100% дэмжсэн байна. Зөвхөн Нью Йорк мужийн сенатор түтгэлзсэн хэдий ч дараа нь зөвшөөрсөн санал өгчээ.

Энэ өдөр Жон Адамс гэргий Абигэйлдээ “Энэ долоодугаар сарын 2-ний өдрийг бидний ирээдүй үеийнхэн маань ёслол төгөлдөр тэмдэглэцгээх болно. Бас тэд энэ өдрийг тэмдэглэхдээ сүртэй сайхан жагсаал, төрөл бүрийн тоглоом, спортын арга хэмжээ, ёслолын буудлага хийж, хонхoo цохиж, галт наадам хийцгээж, газрын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл харагдахаар гэрэлт чимэглэлүүдээр гоёх болно” гэж бичжээ.


1776 оны 7-р сарын 4. Томас Жефферсон дийлэнх хэсгийг нь боловсруулсан “Тусгаар Тогтнолын Тунхаг” бичгийг Эх газрын Конгрессын төлөөлөгчид албан ёсоор батлав.

Ийнхүү Конгрессоос тусгаар тогтнох тухай саналыг 1776 оны 7-р сарын 2нд дэмжин баталсан хэдий ч, “Тусгаар Тогтнолын Тунхаг” бичгийг баталсан 7-р сарын 4-ний өдрийг Америкийн Тусгаар Тогтносон Өдөр болгон тэмдэглэсээр иржээ.


Хэрхэн тэмдэглэдэг вэ?


Америкчууд энэ өдөр гэр бүлээрээ цуглаж, гадaa мах шарах болон баярын арга хэмжээнүүдэд оролцох зэргээр амралтын өдрөө өргөн сайхан тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ өдөр баярын жагсаал, урлагийн тоглолт, ёслолын буудлага зэрэг арга хэмжээнүүд болдог.


Тусгаар тогтнолын баярын бэлэг тэмдэг нь АНУ-ын төрийн далбаа бөгөөд төрийн дуулал “Од бүрхсэн туг”-ийн аялгуутай хослуулан илэрхийлдэг.


Салют буюу ёслолын буудлага бүүр манай эриний өмнөх 200 оны үеэс үүдэлтэй ёслол юм. Харин Тусгаар Тогтнолын Өдөр-ийн ёслолын буудлагыг анх 1777 оны долоодугаар сарын 4-ний өдөр Филаделфиа мужид зохион байгуулсан бөгөөд 13 колони улсыг төлөөлөн усан онгоцны давцан дээрхи 13н их буугаар буудлага үйлдэж ёслож байсан байна.


Сонирхуулж хэлэхэд...


1797-1801 онуудад Ерөнхийлөгч байсан Жон Адамс 7-р сарын 2-ний өдрийг Америкийн жинхэнэ Тусгаар Тогтнолын Өдөр болгон тэмдэглэх ёстой хэмээн үздэг байсан бөгөөд 7-р сарын 4-ний өдрийн арга хэмжээнд очилгүй удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Жон Адамсын дараа Томас Жефферсон 1801-1809 онууудад Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэд ардчилал, амьдрал, эрх чөлөө, аз жаргалыг бий болгох гэсэн үнэт зүйлсийг дэмждэг байсан хэдий ч тэдгээрийг хэрхэн бий болгох талаар өөр өөр үзэл бодолтой байжээ. Тэдний ааш араншин хүртэл газар тэнгэр мэт ялгаатай байж. Жон Адамс хурц түргэн ааштай, төвлөрсөн засаглалыг дэмждэг байсан бол Томас Жефферсон илүү боловсон дөлгөөн зантай хийгээд холбоочлолын системийг дэмждэг байв. Үүний улмаас улс төрийн ширүүн тэмцлийн он жилүүдэд тэд өөр хоорондоо сөрөг хүчнийхэн байлаа. Гэсэн хэдий ч 1812 оны 1-р сарын 1-ний өдөр Жон Адамс Томас Жефферсон руу шинэ оны мэндчилгээ илгээсний хариуд Томас Жефферсон: “...тусгаар тогтнолын төлөө хамтдаа зүтгэж явсан он жилүүдийг хүндэтгэн дурсаж явдаг” хэмээн захидал явуулснаар тэдний нөхөрлөл сэргэн 14 жил тасралтгүй захидлаар харилцан үргэлжилсэн гэдэг. Энэ үеийг тэдний “алтан үе” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Хачирхалтай нь Жон Адамс, Томас Жефферсон хоёр хоюулаа 1826 оны 7-р сарын 4нд буюу Тусгаар Тогтнолын Өдөр тунхагласаны 50 жилийн ойн өдөр хоорондоо 5 цагийн зөрүүтэй нас барсан юм.


Эх сурвалж:


38 views0 comments
bottom of page