top of page

Америк үндэстний хөгжил, бахархал сайн дурын ажилтай салшгүй холбоотой

Updated: Oct 3, 2022



Өнөөдөр Олон Улсын Сайн Дурын Ажилчдын Өдөр.


АНУ-д сайн дурын ажил хийх сонирхлыг бүр бага сургуульд байхаас нь өдөөж, тэдний эх оронч үзлийг төлөвшүүлэн, хувь хүний нийгмийн үүрэг гэдгийг ухамсарлуулдаг. 2003 онд Ерөнхийлөгч Жорж Бушийн засаглалын үед Ерөнхийлөгчийн Нэрэмжит Сайн Дурын Ажилчдын Шагнал (Presidential Volunteer Service Award) олгох хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд сайн дурынхны хувь нэмрийг алдаршуулах, Америк үндэстний хүчирхэг байдал, америк хүний эх оронч үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг билээ.


Энэхүү шагналын насны ангилал нь 5-10, 11-15, 16-25, 26 наснаас дээш байдаг. Мөн 4000 цагаас дээш цаг хандивласан сайн дурын ажилтанд "Насан Туршийн Алдар" (Lifetime Achievement) хүндэтгэлийн дээд медаль, өргөмжлөл гардуулдаг.


Ерөнхий боловсролын сургуулиуд сайн дурын ажил хийлгэх байгууллагуудын жагсаалтыг бэлтгэн, холбогдох мэдээллийг хичээлийн эхэнд тараадаг. Хүүхэд тухайн жагсаалтаас гадна өөрийн сонирхсон салбарт, байгууллагад ажиллаж болно. Тэд голдуу номын сан, сүм, эмнэлэг, нийгмийн үйлчилгээний газар, төрийн бус байгууллагуудад цагаа хандивлан нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг. Сайн дурын ажил нь нэр төрийн хэрэг төдийгүй их дээд сургуульд элсэхэд шийдвэрлэх нэгэн шалгуур болдог учир оюутан залуучууд төдийгүй, ерөнхий боловсролын сурагчид, амралтаараа цагаа хандивлах боломжийг ямагт эрэлхийлдэг. Коллеж, их дээд сургуульд элсэн орсоныхоо дараа ч оюутнууд үндсэн хичээлийнхээ хажуугаар нийгмийн ажлын кредит цаг цуглуулахыг шаарддаг нь бодлогын чанартай юм. АНУ-д төрийн бус байгууллагуудыг "ашгийн бус" (nonprofit) байгууллага гэх бөгөөд тэдний үйл ажиллагааг гол нугалагч хүч нь сайн дурынхан. Ялангуяа тэтгэвэрт гарсан ахмадууд нийгмийн аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцож, сайн дураараа ажиллах нь элбэг. Зуны цагт хүүхэд залуучууд бүр ч илүү завгүй болдог. Тэд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зуны сургалт, дугуйланд (summer camps) явахаас гадна хагас цагаар ажиллах, дадлага хийх, сайн дурын ажил хийх зэргээр бүтээлчээр өнгөрөөнө. Сайн дурынхныг нийгмийн гол хөдөлгүүр гэж үздэг.


Америкт сайн дурын гал сөнөөгчид орон тооны гал сөнөөгчдөөс илүү гэвэл үнэмших үү? Үндэсний Гал Хамгаалах Холбоо (National Fire Protection Association)-ны 2017 оны судалгаагаар, АНУ-ын хэмжээнд 1,056,200 гаруй гал сөнөөгчид ажилладаг бөгөөд 682,600 буюу 65% нь нь сайн дурын ажилчид, эх орончид. Энэ бол Америк соёл, эх оронч үзэл юм.

bottom of page