top of page

H-2A/H-2B Виз буюу АНУ-д Түр Хугацаагаар Ажиллах Эрх

Эх сурвалж: И. Боно https://pointepost.com/visa/h2a-h2b-temporary-worker-visa-program/

03/11/2019-ны дугаарт H-1B визний талаар мэдээлэл оруулсан байгаа, харин энэ дугаартаа H-2 визний төрлийг танилцуулж байна.

H-2 виз буюу АНУ-д түр хугацаагаар ажиллах эрх бүхий визний хөтөлбөрт багтах улсын жагсаалтыг АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яамнаас жил бүр хэлэлцэн баталдаг.

Монгол улс нь анх 2018 онд H-2 визний төрлөөр АНУ-д албан ёсоор ажиллах эрх бүхий улсын тоонд багтаж байсан бол энэ жил буюу 2019 оны 1-р сарын 19-ны өдрөөс эхлэн дахин тэдгээр эрх бүхий улсын тоонд багтлаа.

H-2 төрөл нь дотроо H-2A болон H-2B гэж хоёр ангилагддаг. Энэ хоёр ангиллын виз мэдүүлэгчид англи хэлний мэдлэгтэй байх шаардлагагүй, гол шаардлага нь тухайн виз мэдүүлэгч гэрээ дууссаны дараа эх орондоо буцаж очно гэдгээ нотлох хэрэгтэй юм.

H-2A болон H-2B виз хоорондоо ямар ялгаатай вэ?

H-2A виз нь хөдөө аж ахуйн түр ажилтанд зориулагдсан байдаг

H-2A виз нь АНУ-ын ажил олгогчид АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт ажилчид дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг Америкт түр хугацааны болон улирлын чанартай хөдөө аж ахуйн ажил, үйлчилгээ үзүүлэхээр бичиг баримт хүсч ажиллуулах визний төрөл юм.

Н-2А визний төрөлд тооны хязгаарлалт хийдэггүй бөгөөд хэдийд ч хүсэлтээ илгээх боломжтой байдгаараа давуу ч гэсэн хөдөө аж ахуйн нарийн туршлага болон мэдлэг шаарддаг тул энэ төрөлд хүсэлт илгээгч харьцангүй цөөн мэт санагддаг. Миний л бодол шүү. ^.~

H-2B виз нь хөдөө аж ахуйн бус түр ажилтанд зориулагдсан байдаг

АНУ-ын хөдөө аж ахуйн бус салбарт ажилчид дутагдалтай байгаа гэж үзвэл түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-руу зорчих бол энэ визийг мэдүүлэх шаардлагатай. Ажил олгогч буюу Америк байгууллага нь нэн түрүүнд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас тухайн ажилд тохирох АНУ-ын ажилчид байхгүй болохыг баталсан гэрчилгээ авах ёстой.

H-2B визний төрөлд АНУ-аас тооны хязгаарлалт хийдэг буюу жилд 66,000 гадаад ажилтанд H-2B олгох журамтай ажилладаг. Гадаад ажилтан ажиллуулах хүсэлтийг жилд хоёр хувааж 33,000 ажиллах эрхийг 10-р сарын 1-нээс 3-р сарын 31 хооронд ажлаа эхлүүлэх хүсэлтүүдэд олгож, үлдсэн 33,000 ажиллах эрхийг 4-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд ажлаа эхлэх хүсэлтүүдэд олгодог байгаа.

Мөн эхний хагаст 33,000 хүсэлт ирээгүй бол илүү үлдсэн эрхийг дараагийн хагасруу шилжүүлдэг, ингэснээр хоёр-дахь хагаст илүү хүн хамрагдах боломж гардаг.

Ямар дараалалтай вэ?

Алхам 1 Ажлын байраа олсон байх

Алхам 2 Ажиллах байгууллага тань танд H-2 виз хүсч өгөн таныг ажиллуулах эрмэлзэлтэй байх

Алхам 3 Өргөдөл гаргагч байгууллага нь уг ажилд тохирох АНУ дахь ажиллах хүч дутмаг болохыг батласан хөдөлмөрийн сертификат буюу гэрчилгээ олгох хүсэлтийг АНУ-ын Хөдөлмөрийн яаманд хүргүүлнэ

Алхам 4 Гэрчилгээний хүсэлт зөвшөөрөгдсний дараа өргөдөл гаргагч байгууллага нь I-129 маягтыг ‘USCIS’ буюу Цагаачлалын Алба-руу хүргүүлнэ

Алхам 5 Ажил хүсэгч нь виз хүсэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн АНУ-ын Элчин Сайдын Яам болон Консулын Хэлтэст ярилцлаганд орно.

Хэдий хугацаагаар ажиллах боломжтой вэ?

Ихэнхи тохиолдолд Цагаачлалын алба нь Хөдөлмөрийн гэрчилгээнд заасан хугацааны дагуу АНУ-д байх хугацааг зааж өгдөг. H-2B визийг уртдаа нэг жилийн хүчинтэй олгодог ч хөдөлмөрийн сертификат, өргөдөл гаргагчаас хамаараад хугацаагаа гурав хүртэлх жилээр сунгах боломжтой байдаг. Гурван жилээ дуусахаас өмнө тухайн ажилтан АНУ-ын хилээр гарч эргээд гурван сарын дараа дахин H-2B виз хүсэх бүрэн эрхтэй.

Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт явж болох уу?

H-2A болон H-2B визтэй хүний гэр бүлийн гишүүд H-4 виз хүсэх эрхтэй, үүнд эхнэр/нөхөр, мөн 21-с доош насны гэрлээгүй хүүхэд АНУ-руу хамт нэвтрэх эсвэл хойноос нь явахын тулд H-4 ангиллын виз хүснэ. Харин гэр бүлийн гишүүдэд ажиллах эрх олгодоггүйг анхаарна уу!

Хэзээ виз мэдүүлэх вэ?

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс H-2 визний хүсэлтийг I-797 маягтанд заасны дагуу ажил эрхлэхээс 90 хүртэлх хоногийн дотор шийдвэрлэдэг.

Харин виз гарсны дараа I-797 маягтанд заасан ажиллах хугацаа эхлэхээс өмнө 10 хоногийн дотор АНУ-ын хилээр нэвтрэх боломжтой байдаг.

Виз хэрхэн хүсэх вэ?

  1. Зөвшөөрөгдсөн I-129 маягтан дээрх баримтын дугаараа мэдэх

  2. Цагаачлалын бус визний цахим маягт буюу DS-160 маягтыг бөглөх

  3. MRV хураамж буюу ярилцлаганы төлбөр төлөх

  4. Ярилцлагын цаг товлох

Ярилцлаганд ороход шаардлагатай нийтлэг бичиг баримтуудыг дурдана уу?

1. АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт эх хувиараа байх, мөн хуучин пастортнууд 2. Ойрын хугацаанд авахуулсан нэг хувь 5cмx5cм хэмжээтэй цээж зураг 3. Иргэний үнэмлэх 4. DS-160 маягтын баталгаажуулсан арван оронтой бар-кодтой хуудас 5. Ярилцлага товлосон хуудас 6. MRV хураамж төлсөн баримт 7. Одоогийн болон өмнөх ажил олгогчдын бичсэн таны албан тушаал, ажиллаж байсан төслүүд, ажилласан хугацаа зэргийг тодорхойлсон захианууд эх хувиар 8. Өмнөх ажлын цалингийн хуулганууд эсвэл нийгмийн даатгалын дэвтэр 9. Их дээд сургуулийн диплом гэх мэт ажлын шалгуурт тэнцэж буйг тань нотлох баримтууд 10. Бусад. Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно 11. Гэр бүлийн гишүүд нь цагаачлалын бус виз мэдүүлэхэд шаардагдах бүх бичиг баримтыг авчрахаас гадна гэрлэлтийн баталгаа, эхнэр/нөхрийн ажил эрхлэлтийн талаархи захиа болон хүүхдийн төрсний гэрчилгээгээ авчрах

Ингээд энэхүү төрөлд хамрагдан ажил эрхлэхээр зэхэж буй та бүхэнд амжилт хүсье!

Хүндэтгэсэн, И. Боно

***Энэхүү мэдээллийн дагуу ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй болно***

bottom of page