2019 оны 3-р сарын 25
Эх сурвалж: И. Боно https://pointepost.com/visa/continued-eb2-sponsored-by-employer-and-get-your-greencard/
—EB-2 процесс—
EB-2 ногоон картыг амжилттай хүлээн авахын тулд ажил хүсэгч болон ажил олгогч нь дараах 3 үе шатыг баримтлах ёстой. Эхний алхам нь ажил олгогч Хөдөлмөрийн Яаманд хөдөлмөр эрхлэлт, менежментийн электрон (PERM) системийг ашиглан гадаад ажилчныг ажилд авах хүсэлт бүхий хөдөлмөрийн гэрчилгээ-хүсэх юм. Үүнийг англиар ‘Permanent Labor Certification’ гэнэ. Үүний өмнө ажил олгогч нь тухайн ажлыг Америк иргэдэд нээлттэй хэлбэрээр зарласан ч тохирох ажилтнаа олоогүй, мөн тухайн ажилд төсөвлөсөн цалин хөлс нь бусад адил мэргэжилд олгогддог цалингийн хэмжээнээс их байх зэргийг батлан харуулсан байх хэрэгтэй. Дараагийн шат бол гадаадын ажилтанг спонсорлохыг хүсч буй ажил олгогч визний өргөдлийн маягт болох I-140 маягтыг бөглөж явуулах ёстой.
—Боловсруулалт—
Хөдөлмөрийн яам нь өргөдөл гаргагчийн материалыг дараагийн шатанд шилжүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд дараах хоёр журмын аль нэгийг дагана.
Өргөдөл гаргагч нь АНУ-д байхгүй бол тэрээр эх орондоо АНУ-ын Консулын газрын байранд ганцаарчилсан ярилцлаганд орох шаардлагатай. Ярилцлагын үеэр консулын ажилтан ажил хүсэгчийн ажил мэргэжлийн талаар, ажил олгогчийн талаар болон АНУ-д ажиллаж амьдрах төлөвлөгөөний талаар ярилцах болно. Ингэснээр тухайн консулын алба өргөдлийг боловсруулж, EB-2 ногоон картанд тэнцсэн эсэхийг шийдэх болно.
Хэрэв ажил хүсэгчийг тэнцлээ гэж үзвэл АНУ-д зорчих эрх олгохоос гадна гадаад паспортон дээр хууль ёсны байнгын оршин суугч гэж тэмдэглэнэ. Үүнийг англиар ‘permanent resident’ гэнэ.
Харин виз мэдүүлэгч нь АНУ-д өөр төрлийн визээр аль хэдийнээ орсон бол өргөдөл гаргагч нь I-485 маягтыг бөглөж, өөрийн визний төрөл ангийг EB-2 төрлөөр солиулна. Үүнийг англиар ‘Adjustment of Status’ гэнэ.
Өргөдөл гаргагчид аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албанд хурууны хээ өгөх болон зураг авахуулаад болдог бол зарим хүмүүсийг ярилцлагад оруулах шаардлага гардаг. Үүний дараа эцсийн шийдвэрийг шуудангаар илгээх болно. АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба-г англиар ‘USCIS’ хэмээн товчилдог.
—Нийт үйл явц хэр удаан үргэлжлэх вэ?—
Нийт үргэлжлэх хугацаа аль улсын иргэн, аль салбарт хүсэлтээ илгээсэн зэргээс хамаарч өөр өөр байна. Дунджаар нэг жилээс 3 жил болдог.
—Баримжаа гарах зардал—
-Гарах зардалд нэн түрүүнд хуульчийн зардлыг оруулах нь зөв байх. Та чадварлаг, туршлагатай хуульчтай хамтран ажиллавал таны хүсэлт шулуун замаар бүтэх магадлал өндөр. Харин хуульч бүрийн үнэлэмж өөр. Баримжаагаар $2500~$6000 байдаг.
-ETA 9089 (PERM): үнэгүй
-I-140 мэдүүлгийн хураамж: $700
-I-485 бүртгэлийн хураамж: $750~$1,140. Энэ төлбөр таны наснаас хамаарч өөр өөр байна
-Биометрийн хураамж: $85
-DS-260 мэдүүлгийн хураамж: $230. Хэрэв та одоогоор АНУ-ын гадна байгаа бол л үүнийг төлөх шаардлагатай. Мөн $88 ‘Affidavit of Support’ буюу нотолгооны хураамж төлөх шаардлагатай болно.
Хэрэв та АНУ-д байгаа бол таны зардал арай бага байна гэсэн үг.
Анхааруулж хэлэхэд I-140 хураамж болон Хөдөлмөрийн гэрчилгээ буюу PERM-тэй холбоотой зардлыг ажил олгогч төлөх бол I-485 маягтын хураамжийг ажил хүсэгч болон ажил олгогчийн аль нэг нь төлж болно. Харин DS-260 болон биометрик төлбөрүүдийг ажил хүсэгч өөрөө төлнө.
—Нэмэлт зардал— -Түргэвчилсэн үйлчилгээ буюу ‘premium processing service’ $1410 байдаг. Энэ үйлчилгээг заавал авах шаардлагагүй ч авахыг санал болгодог.
—Төлсөн мөнгөө буцаан авах боломжтой юу?—
Харамсалтай нь АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба таны хүсэлтэд татгалзсан хариу өгсөн ч гэсэн таны төлсөн мөнгийг буцаан олгохгүй. Харин доорхи цөөнхи тохиолдолд буцаан олгодог, эдгээр тохиолдол нь: -Шаардлагагүй маягт болон түүнд зориулж төлсөн төлбөрөө буцаан авах боломжтой -Түргэвчилсэн үйлчилгээ авсан ч хариугаа заасан хугацаанд авч чадаагүй үед зөвхөн түргэвчилсэн үйлчилгээнд төлсөн мөнгөө буцаан авах боломжтой
Ингээд та бүгдийн илгээсэн болон илгээх гэж буй өргөдөлд амжилт хүсье!
Хүндэтгэсэн, И. Боно Чикаго хот
Жич: ‘Ямар үед EB-2 төрлийн виз хүсэх эрхтэй вэ?’, ‘EB-2-ын ангилал’, ‘Би EB-2 төрөлд хүсэлт явуулах эрхтэй юу?’, ‘Суурь шалгуур’ болон ‘Бусад EB-2 Шаардлага’ -г доорх холбоос руу ороод 03.18.2019-ны нийтлэлээс уншина уу.
https://pointepost.com/visa/
***Энэхүү мэдээллийн дагуу ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй болно***
Kommentare