top of page

STEM хөтөлбөрт 30 охин хамрагдаж амжилттай өндөрлөлөө

Updated: Jun 30, 2023

2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөр энэ оны 1-р сард эхэлж 6 сар үргэлжлэн 6-р сарын 16-ны өдөр хаалтаа хийлээ.

Хаалтын ажиллагаанд МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, дэд профессор Б. Сувдаа, WE Mongolia TББ-гын Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Б. Оюу-эрдэнэ, зөвлөх П. Хорлоо, Энххорол нар оролцож тэтгэлэгт шалгарсан STEM оюутнуудад хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн батламж, зөөврийн компьютер гардуулав.

2022-2023 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 5 оюутан нийт 80 гаруй цагийн дараах сургалт, арга хэмжээнд оролцож, мэдлэг ур чадвар, хүрээллээ тэлж салбарын шинэ боломжуудтай танилцав:

  • Англи хэлний эрчимжүүлсэн курс

  • Ганцаарчилсан көүчинг

  • “Role Model” онлайн хичээл

  • “Мэргэжил таниулах аялал” (IT компанитай танилцах)

  • "Өөрчлөх Цаг” технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

  • “Нийгмийн инноваци ба Жендэр”-сургалт хэлэлцүүлэг

  • “Менторын Цаг” онлайн ярилцлага

  • "Баг бүрдүүлэлт” чөлөөт арга хэмжээ

Хөтөлбөрийн төгсгөлд зорилтот бүлгийн ахлах ангийн охидод зориулсан код бичих зуны сургалтыг 6-р сарын 14-16-ны өдрүүдэд МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газартай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн сургалт нь “UI/UX дизайн ба Front-end хөгжүүлэлт” сэдэвтэй явагдаж, СХД-ийн ахлах сургууль, асрамжийн газар, Монголын Охидын Бэхи Холбооны төлөөлөл нийт 25 охид сургалтанд хамрагдлаа.

STEM хөтөлбөрийн 5 оюутан зуны код бичих сургалтанд МУИС-ийн профессор Б. Сувдаа багшийн удирдлаган дор бие даан хичээл зааснаар өөрсдийн мэдлэг, ур чадвараа бататган, нийгмийн тустай ажилд хувь нэмрээ оруулж баялаг туршлага дүүрэн хөтөлбөрөө дуусгалаа.


"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилласан бүх хувь хүн, байгууллагууд, Монгол дахь сайн дурын багийнхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!


Манай STEM хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу: https://www.wemongolia.org/stem-scholarship


Бидэнтэй хамтран ажиллах хувь хүн, байгууллагуудад манай хаалга үргэлж нээлттэй. Хэрэв та сонирхож байвал энэ холбоосоор орж мэдээлэлээ явуулаарай! Баярлалаа!








154 views0 comments

Commentaires


bottom of page