top of page

2019 Оны Дэлхийн Эмэгтэйчүүдийн Ижил Тэгш Эрхийн Төлөөх 15 Түүхэн Үйл Явдлууд

Updated: Oct 21, 2021


2019 онд дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, тэдний хүний эрхийн төлөөх тэмцэлд хүчтэй нөлөө үзүүлсэн түүхэн үйл явдлуудыг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас онцлон түүвэрлэсэнийг орчуулан холбогдох эх сурвалжийн хамт та бүхэндээ хүргэж байна.


1. ДАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНСРЫН БАГ. 2019 оны 10-р сарын 18-ны өдөр NASA-гийн сансар судлаач Жэссика Мэйр (Jessica Meir), Кристина Кох (Christina Koch) нар 7 цаг 17 минутын турш задгай сансарт ажиллаж Олон Улсын Сансрын Станцын цахилгаан цэнэглэгчийн эвдэрсэн эд ангийг солив. Энэ удаагийн буюу 221 дэхь томилолтыг дан эмэгтэйчүүдийн баг амжилттай гүйцэтгэсэн нь зөвхөн NASA-гийн түүхэнд бус, хүн төрөлхтөний сансар судлалын түүхэнд онцлог үйл явдал болсон билээ. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд 560 гаруй сансрын нисгэгчид 220 удаагийн аялалаар холимог багийн бүрэлдхүүнтэйгээр задгай сансарт ажилласан бөгөөд тэдний зөвхөн 65 нь эмэгтэй сансар судлаачид байсан. https://www.nytimes.com/…/sc…/all-female-spacewalk-nasa.html


2. АНУ-ын ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨЛБӨМБӨГИЙН БАГ. АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн баг нь сүүлийн 2 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн багаас илүү амжилт гаргаж буй боловч хүйсээр ялгаварлан гадуурхах байдал оршсоор байгааг үл тэвчин, тэд 2019 оны 7 сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоосоо өмнө 3-р сарын 8нд энэхүү тэгш бус байдлыг арилгах, ижил цалин хөлс авах эрхээ хамгаалан АНУ-ын Хөл Бөмбөгийн Холбоог шүүхэд өгсөн билээ. Энэхүү арга хэмжээ нь олон жилийн тэмцлийн үргэлжлэл юм. 2019 оны 7-р сарын 7-нд Франц улсад болсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн Хөл Бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын баг Нидерландын багийг 2:0 оноогоор ялж 4 дэх удаагаа дэлхийн аваргын цом авах болзлыг хангамагц хөгжөөн дэмжигчид аварга эмэгтэйчүүдийг бахархан дэмжээд зогссонгүй улмаар жендерийн эрх тэгш, шударга байдлын төлөөх тэдний тэмцлийг дэмжин "тэгш цалин хөлс" (equal pay) хэмээн нэгэн дуугаар эв нэгдлээ илэрхийлэв. Хөгжөөн дэмжигчид Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны удирдах зөвлөлөөс гардуулдаг урамшуулал шагнал нь тэгш бус байгааг мөн эсэргүүцэн буруушаав. Тус Холбооноос өнгөрсөн оны дэлхийн аваргад 38 сая америк долларын бонус олгож байсан бол, АНУ-ын эмэгтэйчүүдийн багт төсөвлөсөн бонус нь 4 сая америк доллар байсан байна. https://www.npr.org/…/equal-pay-for-equal-play-the-u-s-wome…


3. ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭГЧ 16 НАСТАЙ ШВЕД ОХИН. 16 настай Грета Танбэрг (Greta Thunberg) хэмээх Швед охин 2019 оны 9-р сарын 28 нд НҮБ-ын индэр дээрээс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас өнөөгийн залуу үеийн ирээдүй хэрхэн хохирч, эко систем хэрхэн өөрчлөгдөж, зарим нь устах аюул нүүрлэж байгаад санаан зовж буйгаа илэрхийллээ. Тэрээр хичээлээ таслан Шведийн ЗГ-ын ордны өмнө хонож хойч үеийнхний төлөө цаг уурын өөрчлөлтийн эсрэг өнөөгийн ЗГ, хариуцлагатай иргэд хамтдаа үр дүнтэй, бодит арга хэмжээ авахыг уриалан шаардсанаар түүний хөдөлгөөн олон улсын анхаарлыг татжээ. Грета Танбэрг Атлантын далайг утаагүй завиар гатлан Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Цаг Уурын Дээд Чуулганд залуу үеийг төлөөлөн оролцохоор иржээ. Тэрээр дэлхийн манлайлагчид зохистой арга хэмжээ авч чадахгүй байгаад харамсан буйгаа илэрхийлээд, "Та нар итгэл найдварыг залуучуудаас хайж байна, Яаж чадаж байнаа?" "Та нар хоосон үгээрээ хүүхэд нас, мөрөөдлийг минь хулгайлсан. Гэсэн хэдий ч би азтай хүүхдүүдийн нэг нь...Хүмүүс шаналж байна, хүмүүс үхэж байна, эко систем бүхлээрээ алдагдаж байна" хэмээн дуу хоолойгоо зоригтой чангаар хүргэж, TIME сэтгүүлийн "оны шилдэг хүн"-ээр тодорлоо. https://time.com/person-of-the-year-2019-greta-thunberg/


4. ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН 2 ДАХЬ ЭМЭГТЭЙ. Массачусетсийн Технологоийн Институтын профессор 46 настай Эстер Дафло (Esther Duflo) нь нөхөр Абхижит Банерж (Abhijit Banerji), Харвардын их сургуулийн профессор Майкал Кремер (Michael Kremer) нарын хамт хийсэн дэлхийн ядуурлыг бууруулах туршилт, судалгааны ажил нь 2019 оны Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртжээ. Энэхүү 3 профессор ядуурлын шалтгааныг тодорхойлох, ядуу хүмүүс боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон бусад нийгмийн хөтөлбөрүүдийг хэрхэн хүлээн авч, хариу үзүүлдэг болохыг судалжээ. Тэдний судалгаа, туршилтын ажлууд голдуу Африк, Энэтхэгт төвлөрсөн байна. Профессор Эстер Дафло эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу бөгөөд энэ салбарын 2 дахь эмэгтэй болжээ. (2009 онд Элинор Остром хэмээх эмэгтэй анх энэ шагналыг хүртсэн байна) https://fortune.com/…/nobel-prize-economics-winner-woman-e…/


5. ХАР НҮХНИЙ АНХНЫ ДҮРС ЗУРАГ. 2019 оны 4-р сарын 10-ны өдөр Массачуситсийн Технологийн Институтын эрдэм шинжилгээний ажилтан докторын зэрэг горилогч 29 настай эмэгтэй Кэйти Боумэн (Kаtie Bouman) болон түүний багийнхны тооцоолон гаргасан арифметик аргачлал нь Messier 87 (M87) галактикийн төвд орших асар том хар нүхний гэрэл зургийг олон нийтэд харуулж чадсан нь шинжлэх ухааны хувьд үсрэнгүй хувьсгал юм. https://www.theguardian.com/…/11/katie-bouman-black-hole-ph…


6. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БЭЛГИЙН ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ШИНЭ СТАНДАРТ. Өнгөрсөн оны 6-р сарын 21нд Женев хотноо болсон Олон Улсын Хөдөлмөрийн 108 дахь хурлаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас шинэ стандардыг агуулсан "Ажлын Байран Дахь Бэлгийн Дарамт, Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Конвенц ба Зөвлөмж"-ийг баталлаа. https://www.ilo.org/…/m…/news/WCMS_711321/lang--en/index.htm


7. ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БУРУУТГАХ ХАНДЛАГЫГ ТАСЛАН ЗОГСООЖ ЭХЭЛЛЭЭ. 2016 онд "чонын сүрэг" хэмээх бүлэгт хүчиндүүлсэн бүсгүйн хувь заяаг Испани улсын дээд шүүх хэрхэн шийдвэрлэхийг дэлхийн олон улс анхаарлаа хандуулж байлаа. Хүчингийн хэрэгт бүсгүйчүүдийг буруутгадаг олон нийтийн хандлага, "зуршлыг" тус улсын Дээд Шүүх буруушаан, уг балмад хэргийг үйлдэгсдийн давж заалдах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг чангаруулж гэмт хэрэгтнүүдэд 15 жил хорих ял өгчээ. https://www.theguardian.com/…/wolf-pack-case-spanish-women-…


8. "АНХНЫ" ЭМЭГТЭЙ НИСГЭГЧ, НИСЭХ БАГ. 2019 оны төгсгөлд Энэтхэг улс Тэнгисийн цэргийн флотод анхны эмэгтэй нисгэгч болох дэд дэслэгч Шивангиг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Мөн оны 3-р сарын 26-нд Лос Анжелосоос Атланта хот руу чиглэсэн АНУ-ын Дэлта авиакомпанийн нислэгийг анх удаа эмэгтэй баг үйлджээ. Нисэх багийн дарга нь Вэнди Рэксон (Wendy Rexon), 1-р нисгэгч нь Кэли Рэксон (Kelly Rexon) байсан бөгөөд ээж охин хоёр анхныхаа нислэгийг амжилттай газардууллаа. https://www.cnn.com/…/indian-navy-first-woman-pi…/index.html


9. СУДАН УЛС ДАХЬ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД МАНЛАЙЛАВ. 2019 оны 4-р сарын 8-нд Судан улсын доройтож буй эдийн засаг, удирдах хүчнүүдийн эсрэг тайван жагсаал хөдөлгөөнийг Алаа Сала (Alaa Salah) хэмээх оюутан эмэгтэй зохион байгуулан, 4-р сарын 11-нд тус улсын Ерөнхийлөгчийг баривчлан огцруулжээ. https://www.unwomen.org/…/feature-sudanese-women-lead-drive…


10. БАГА НАСНЫ ХҮҮХЭД ГЭРЛҮҮЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРЬЛОО. Египт, Танзан, Индонезд бага насны охидыг гэрлүүлэх зүй бус заншлыг таслан зогсоох хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.


11. ХАМГИЙН ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД. Өнгөрсөн оны 12-р сард Финланд улсын парламентийн сонгууль болж 34 настай Марин Санна (Marin Sanna) Ерөнхий Сайдаар сонгогдлоо. Тэрээр тус улсын 5 намаас бүрдсэн эвслийг толгойлж буй бөгөөд дэлхийн хамгийн залуу Ерөнхий Сайдаар түүхэнд бичигдлээ. Марин Санна нь Финланд улсын түүхэн дэхь 3 дахь эмэгтэй Ерөнхий сайд бөгөөд эвсэлд нэгдсэн 5 намын дарга нь мөн бүгд эмэгтэй гэнэ. https://www.nytimes.com/…/w…/europe/finland-sanna-marin.html


12. ЕВРОПЫН ХОЛБООН ДАХЬ ЭМЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧИД. Европын Холбооны 60 жилийн түүхэнд түүний томоохон 2 байгууллагын удирдлагаар анх удаагаа 2 эмэгтэй манлайлагч томилогдлоо. Европын Холбооны даргаар Германы иргэн хатагтай Урсула Лэеэн (Ursula con der Leyen), Европын Төв Банкны даргаар Германы иргэн хатагтай Кристин Лагард (Christine Lagarde) сонгогдлоо. https://www.theguardian.com/…/women-to-head-top-eu-institut…


13. СПОРТЫН ДЭЭД АМЖИЛТУУД ШИНЭЭР ТОГТООСОН ЭМЭГТЭЙЧҮҮД. Бразилийн нэрт эмэгтэй хөл бөмбөгч Марта, АНУ-ын гимтнастикч Симон Билсээс эхлээд усан спортын тамирчин 37 настай Сара Томас зэрэг хүчирхэг олон эмэгтэйчүүд амжилтуудаа ахиулж дэлхийд "анхны эмэгтэй тамирчин" гэсэн тодотголыг мөнхжүүллээ. Түүний дотор 130 милийн Англи Каналыг 54 цагийн хугацаанд зогсолтгүйгээр 4 удаа тойрон сэлсэн анхны эмэгтэй тамирчин Сара Томасыг онцолж байна. Тэрээр хөхний хавдрын эмчилгээгээ жилийн өмнө дуусгаад тэмцээнийхээ бэлтгэлд орсон байна. https://www.bbc.com/news/uk-england-kent-49724851…


14. БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖААГААР ҮЛ ЯЛГАВАРЛАХ. Бразил, Ботсван, Экватор зэрэг улсуудад бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон хуулиуд батлагдлаа. https://www.bbc.com/news/world-africa-48594162


15. САРЫН ТЭМДГИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ШИНЭ ЭМОЖИ. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг, түүний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой ичгүүр, эсвэл чимээгүй байдлыг таслан зогсоох зорилгоор Apple компаниас "цусны дусал" бүхий эможи буюу таних тэмдгийг шинэчлэн гаргажээ. Эможи нь өргөн тархаж буй дэлхийн хэл бөгөөд Plan International UK Campaign нь сарын тэмдэг, түүнтэй холбоотой эмэгтэйчүүдэд илрэх сэтгэл санаа, биеийн өөрчлөлт, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхийг илэрхийлсэн эможиг хэрэглэх кампанит ажил зохион байгуулжээ. https://plan-uk.org/ac…/join-our-campaign-for-a-period-emoji


bottom of page