top of page
Writer's pictureЦ. Сараа

Сэрэмжлүүлэг: робот дуудлага, Spam/Scam-ын ялгаа

Updated: Jul 16, 2022


Robocall буюу робот дуудлага нь урьдчилан бэлдсэн автомат дуут мэссэж юм. Сүүлийн үед Татварын албанаас өмнөх оны төлөгдөөгүй татвараа нөхөн төлөхийг, Цагаачлалын Албанаас АНУ-ын нутаг дэвсгэрээс даруй гарахыг, Нийгмийн Халамжийн Үйлчилгээнээс торгуулиа төлөхийг, цагдаагийн газраас утасдан тухайн хүний нэр дээр шүүхийн нэхэмжлэл ирсэн эсвэл тангаргатны иргэний үүргээ гүйцэтгээгүй тул торгуулиа төлөхгүй бол цагдан хорино гэх мэт айлган сүрдүүлсэн робот-дуудлага ихэссэнийг утастай хүн бүр мэдэж байгаа байх.


Хэрэглэгчдийг Хамгаалах Үндэсний Агентлаг буюу Холбооны улсын Худалдааны Комиссын (Federal Trade Commission = FTC) мэдээлсэнээр, тус байгууллага 3.7 сая орчим хуурамч дуудлагтай холбогдсон гомдол хүлээн авсанаас зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар робот дуудлагын улмаас иргэдэд $226 сая хохирол учирсан байна. Хуурамч робот дуудлагын хохирогчид нь голдууу өндөр настангууд, мөн шинээр ирсэн цагаачид болох нь нэгэнт тогтоогдсон байдаг.


Түгээмэл хуурамч робот дуудлагууд:

  • Үнэгүй, эсвэл хямд үйлчилгээ, зугаалга амралт санал болгох

  • Сугалаанд азтан болсныг мэдэгдэх

  • Бага хүүтэй банкны зээл олгох

  • Байрны зээл бүтсэн тухай мэдэгдэх

  • Шинэ бүтээгдхүүн санал болгон түр хугацаагаар үнэгүй хэрэглүүлэх санал

  • Хөрөнгө оруулах боломжуудыг санал болгох

  • Машины баталгаат үйлчилгээ санал болгох

  • Буяны, сайн санааны үйлсэд мөнгө хандивлахыг хүсэх


Хууль бус робот дуудлага, и-мэйлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үүднээс дараах зүйлийг анхаарна уу:

  1. Холбооны болон төрийн аливаа байгууллага, цагдаагийн алба ямар ч тохиолдолд утсаар мэдэгдэл хүргүүлдэггүй. Таньд заавал албан захиа шуудангаар ирүүлэх ёстой.

  2. Утсаар болон и-мэйлээр хувийн мэдээллээ өгөхгүй байх ялангуяа банкны данс, кредит карт, нийгмийн дугаар (social security), гэрийн хаяг, төрсөн өдөр г.м. Таны хувийн мэдээлэл шаардсан "санал" тавьж байвал түүнийг 'scam' буюу залилан гэж ойлго.

  3. Мэдээллийн чанартай биш бол залилан гэсэн "алтан дүрэм" -ийг баримтал.

  4. "I'm on the DO-NOT-CALL LIST" гэж хариулж сур. Хэрэв давтан утасдвал, "I'll report you if you call again!"


Гэхдээ робот дуудлага бүр хууль бус биш бөгөөд Холбооны улсын Харилцааны Комиссоос (Federal Communication Commission) арилжаа, сурталчилгааны бус, цэвэр мэдээлэл, судалгааны чанартай болон доорх төрлийн робот дуудлага хийхийг зөвшөөрсөн байдаг. Үүнд:

  • Цаг агаар болон онцгой байдлын улмаас сургууль хаагдах, түр хойшлогдох

  • Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагаас утасдах: тухайлбал, захиалсан эм бэлэн болох, эмчид үзүүлэх өдөр, цагийг сануулах г.м

  • Нислэгийн мэдээлэл сануулах, нислэгийн хуваарьт орсон аливаа өөрчлөлтийг мэдээлэх

  • Өр барагдуулах зорилгоор банкнаас утасдах (гэхдээ өрийн хэмжээг багасгах үйлчилгээ санал болгож байвал “scam” дуудлага)

  • Аливаа ТББ байгууллага нь байнгын дэмжигч болон амлалт өгсөн шинэ хандивлагч руугаа хандах

  • Сонгууль болон нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл


SPAM, SCAM-ын ялгаа:


SCAM = залилах, хууран мэхлэх, луйвардах замаар хувийн мэдээлэл, мөнгө авах гэсэн утгатай.

SPAM = аж ахуйн нэгжүүд, хувийн бизнесүүд сонирхоогүй, хамааралгүй мэдээлэл, сурталчилгааг (голдуу бараа, бүтээгдхүүн үйлчилгээний) шуудангаар, и-мэйлээр явуулах, утсаар тасралтгүй хийх гэсэн утгатай.


Хэрэв та утсаар “spam” дуудлага авахыг хүсэхгүй байвал дараах холбоос руу орж, өөрийн гар утас, гэрийн утсаа (3 хүртэлх хувийн утсыг) “National Do Not Call Registry” үнэ төлбөргүй бүртгүүлж болно.



Ингэсний дараа бүртгэлээ 72 цагийн дотор баталгаажуулах линкийг и-мэйлээр тань явуулна. Та бүртгэлээ баталгаажуулсан мөчөөс телемаркетинг хийж буй компаниудын зар сурталчилгаа зогсох ёстой. Гэхдээ телемаркетинг дуудлага зогстол 31 хоног хүлээхийг зөвлөдөг бөгөөд энэ хугацааны дараа зогсохгүй бол FTC-рүү мэдэгдэж болно. Энэхүү бүртгэл нь тухайн утас ашиглалтаас гарах, дугаар нь өөр хүнд шилжих, эсвэл та өөрөө хүсэлт гаргатал хүчин төгөлдөр байдаг. “Бүү утасд” бүртгэлд байгаа дугаар луу залгасан эсвэл хууль бус арилжааны чанартай сурталчилгаа хийсэн аж ахуйн нэгжүүдийг дуудлага тус бүрт $42,530 хүртэл торгууль ноогдуулдаг байна.


Телемаркетинг хийж буй аж ахуйн нэгжийн баримтлах ёс зүй болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосноос авна уу:

36 views0 comments

Comments


bottom of page