Сайн байцгаана уу, намайг Болормаа гэдэг, би МУИС ХШУИС-д Мэдээллийн Технологийн хөтөлбөрөөр суралцдаг. We Мongolia ТББ-гын 2021–2022 оны хичээлийн жилийн буюу анхны "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэг горилогч 5 охины нэг бөгөөд одоогоор би БНСУ-д оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж байна. Энэхүү нийтлэлээр уг оюутан солилцооны хөтөлбөрөөс юу сурч, ойлгосон талаараа хуваалцаж байна.
Гэрэл зураг: Bolormaa Banzragch
Юуны түрүүнд "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар товчхон мэдээлэхэд, уг тэтгэлэг нь зөвхөн STEM салбар дахь охидод санхүүгийн тэтгэлэг олгоод зогсохгүй, хагас жилийн турш hard болон soft скилүүдийг сайжруулах маш олон хөтөлбөр, сургалт, семинар, ментор хөтөлбөрт охидуудаа хамруулж, хамгийн гол нь сурсан мэдсэн зүйлсээ бусаддаа заах, сургах бүх боломжийг хангаж өгдгөөрөө бусад тэтгэлгүүдээс маш давуу талтай юм. Миний бие хэдийгээр хол байгаа улмаас зарим сургалт хөтөлбөрүүдэд хамрагдаж чадахгүй байгаа ч STEM тэтгэлэгийн маань ментор уулзалтууд болон уг салбарт амжилттай яваа эгч нар маань "би ч гэсэн хичээвэл чадах юм байна" гэдэг маш том урам зоригийг өгсөнөөр энэхүү оюутан солилцоонд явахаар шийдсэн билээ.
Солилцооны хөтөлбөрийн тухай:
МУИС гадаадын маш олон сургуультай оюутан солилцооны хөтөлбөрийн гэрээтэй байдаг бөгөөд түүний нэг нь БНСУ-ын Данкүүк Их Сургууль юм. Манай сургуульд жил бүр 20 гаруй орноос оюутнууд солилцоогоор ирдэг бөгөөд миний хувьд 2022 оны хаврын улиралд 1 улирлын турш суралцах гэрээтэй ирж одоогоор улирлын эцсийн шалгалтууд маань ид дундаа явж байна. Баклаврын 4 жилээр аль нэг улсад сурахад ихэнх оюутнууд нь тухайн улсын оюутнууд байдаг бол оюутан солилцооны давуу тал нь хичээлээ солилцооны оюутнуудтай хамт үздэг учраас маш олон орны, өөр өөр найзуудтай болж тэдний соёл, үзэл бодол, амьдралын хэв маяг, хандлага зэргээс суралцах боломж олдсон нь энэ солилооны хамгийн гайхалтай хэсэг байсан юм.
Гэр бүлээсээ анх удаа хол явж байгаагийн хувьд хамгийн хурдан сурах хэрэгтэй чадвар бие даах, дасан зохицох, цагаа зөв хуваарилах чадвар байлаа. Эхэндээ миний зорилго хичээлийнхээ хажуугаар 7 хоногтоо нэг ажил хийж гэр бүлээсээ мөнгө авахгүй амьдрах байсан боловч цагийн ажлын цалин хэрэглээнд минь хангалттай хүрээд зогсохгүй хуримтлал хүртэл үүсгэх боломжтой байсанд Солонгос улсын ард иргэддээ ээлтэй, цагийг маш үр бүтээмжтэй ашигладаг, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг байдлыг үнэхээр их биширсэн юм. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, сургуулийнхаа арга хэмжээнүүдэд оролцож, клубуудад хамрагдаж, олон улсын найзуудтайгаа аялж, гадуур гарах гээд энэ олон таскуудыг амжуулахын тулд дараагийн чухал чадвар бол цагийн менежмент болон ачаалал даах чадвар байлаа. Өдөрт энэ олон таскуудыг амжуулахын тулд нойроо сайн авах, дасгал хөдөлгөөн хийх, бясалгал хийхээ ч орхигдуулалгүй амжуулж байгаагаа нөгөө л нэг ах эгч нарын ажил амьдралын баланс гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгосон юм.
Миний дараагийн ойлгосон зүйл бол хэдийгээр бид бүгд маш ялгаатай соёл, орчноос ирсэн байсан ч нэгэнт Солонгос улс маш хүчтэй зөөлөн хүчний бодлоготой улсын нэг болохын хувьд ирсэн бүх солилцооны оюутнууд кдрам, кпоп-ын фенүүд байсан нь биднийг нэгтгэж, нэг бүхэл мэдрэмжийг, дотно уур амьсгалыг бүрдүүлж байсан нь хамгийн мартагдашгүй хэсэг байсан юм. Солонгос улсын бас нэгэн биширмээр зүйл нь кдрам, кпоп-той холбоотой фенүүд, жуулчдыг татах маш олон сонирхолтой газрууд, үзвэрүүд байдаг нь тэр хэмжээгээрээ тухайн улсын эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр болж байгааг хараад монголдоо ч бас нэвтрүүлэхийг хүсч цагаан атаархал төрж байсан юм. Бид олон газруудаар хамтдаа аялж, дуртай хамтлаг дуучнаа хамтдаа сонсч, тоглолтыг нь хамтдаа үзэж, фен кафегаар зочилж, хамтдаа зургаа даруулж, өөрсдийн үндэсний хувцас, хоол, соёлыг солилцож богино хугацаанд маш олон дурсамжуудыг бүтээлцэж чадсан. Эндээс миний хамгийн том ухаарсан зүйл бол хэдийгээр бид арьс өнгө, шашин шүтлэг, амьдралыг үзэх үзэл, итгэл үнэмшил өөр байж болох ч гагцхүү соёл урлаг гэдэг зүйл биднийг нэгтгэж, нэг бүхэл болгож, нэг хэлээр ярьж, хамтдаа нэг мэдрэмжийг мэдрүүлэх гайхамшигтай хүчтэй зүйл гэдгийг ойлгосон минь байлаа.
Эцэст нь олон улсын найзуудаас миний харах өнцөгийг өөрчилсөн зүйл бол бүгд бакалаврын оюутнууд боловч насны зөрүү нь 18–29 хүртэл байсан явдал юм. Тэдний хувьд нийгмийн тогтсон хэлбэрийг дагаж, өөрийгөө олоогүй, юу хүсч байгаагаа мэдээгүй байхдаа шууд их сургуульд элсэхээс илүүтэйгээр юуны түрүүнд өөрийгөө таньж мэдэхийн тулд эрэл хайгуул хийж, олон газраар бие даан аялж, туршлага хуримтлуулж өөрийгөө олсон гэж үзсэн цагтаа их сургуульд тухайн мэргэжлээрээ сурч эхэлдэг намайг хамгийн их гайхшруулсан зүйл байлаа. Бид ихэнхдээ өөрсдийгөө бусадтай харьцуулж тэднээс ямар нэг байдлаар хоцроод байгаа мэт мэдрэмжинд хөтлөгдөн өөрийгөө ойлгоогүй, олоогүй байж бусдыг дуурайн буруу сонголт хийх нь бидний үеийнхэнд маш элбэг байдаг. Би ч мөн адил энэ солилцоогоор явахаасаа өмнө дэмий цаг алдчих юм болов уу? Эртхэн сургуулиа төгссөн нь дээр бишүү, бусдаас оройтож төгсвөл хүмүүс юу гэж бодох бол гэсэн бодлуудад олонтаа автаж байсан үеүүд бий. Харин энд ирээд миний ойлгож авсан зүйл бол хүн болгоны амьдралын зам мөр нэг хэвэнд цутгасан мэт адилхан байх албагүй, харин өөрийнхөө хүссэн замаар, зөвхөн өөрийнхөө мөрийг гаргаж өөрийнхөө хүссэнээр, бусдын бодлоос чөлөөлөгдөж амьдарч болдог юм байна гэдгийг ухаарсан минь байсан юм.
Энд ирэхээсээ өмнө энэ солилцоогоор явах эсэхдээ маш их эргэлзэж байсан ч яваагүйдээ ирээдүйд харамсахгүйн тулд зориглож явсандаа одоо хүртэл өөртөө маш их талархаж байна. Бид их сургуулиас академик мэдлэг олж авдаг хэдий ч хүрээлэл, найз нөхөд, тэдний амьдралын туршлагаас илүү их зүйлийг сурдаг гэдэг бодлыг минь улам бататгаж харин олон орны хүмүүс, өөр соёл, өөр орчноос хүн хариуцлага болон бие даах чадварыг сураад зогсохгүй, амьдралыг өөр өнцөгөөс харж өөртөө дүгнэлт хийж, хорвоо дэлхий уужим гэдгийг ухааруулсан мартагдашгүй, үнэ цэнэтэй цаг мөчүүд байлаа.
Гэрэл зураг: Bolormaa Banzragch
Comments