2020 оны 8- сарын 17
2020 оны 8-р сарын 18-нд АНУ-ын Үндсэн хуулийн 19-р Нэмэлт батлагдсаны 100 жилийн ой тохиож байна. “Антонигийн Нэмэлт” нэртэй 19-р Нэмэлтээр Америкийн эмэгтэйчүүдийн улс төрийн сонгуульд санал өгөх эрхийг хуульчлан баталсан билээ.
Конгрессын гишүүн хүүдээ бичсэн нэгэн ээжийн захидал Америкийн эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх 70 гаруй жилийн тэмцэлд ялалт авчирсан гайхалтай түүхийг та бүхэндээ толилуулж байна.
Үндсэн хуулийн 19-р Нэмэлт нь зөвхөн нэгхэн саналын зөрүүгээр дэмжигдсэн гэдгийг та мэдэх үү?
1868 оноос үргэлжилсэн Америкийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, кампанит аян, жагсаал цуглааны үр дүнд 1919 оны 6-р сард Холбооны Конгрессоос Үндсэн Хуульд 19 дэхь Нэмэлт оруулахыг батлав. Хэдийгээр жил гаруй өнгөрсөн ч уг нэмэлт нь хууль хараахан болоогүй байлаа. Учир нь 48 муж улсын (1959 онд Аляск, Хавай арлууд 49, 50 дахь муж улсаар тус тус нэгдэн орсон) дөрөвний гурав нь Үндсэн Хуулийн аливаа нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсаны дараа албан ёсоор хууль болох юм. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн 48 муж улсаас 36 нь 19-р Нэмэлтийг соёрхон батлах хэрэгтэй гэсэн үг.
1920 оны 8 сарын 16 гэхэд баруун эргийн голдуу 35 муж улсууд соёрхон баталж, 11 муж улс татгалзсан санал хураав. Үлдсэн ердөө хоёрхон муж соёрхон батлахаа илэрхийлсэний нэг нь Тенниси муж улс байв. Хойд Каролино муж улс саналаа дараа хураахаар шийдвэр гаргасан нь 27 сая эмэгтэйчүүдийн санал өгөх эрх “36 дахь” муж болох Теннисигийн Конгрессын гарт байлаа.
1920 оны 8 сарын 18. Эхний санал хураалт нь “19-р Нэмэлтийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах” тухай байв. Санал 48/48 тэнцсэн учир, дахин санал хураалт явуулахад дахин тэнцлээ. Хурлын дарга тактикаа өөрчилж “19-р Нэмэлтийг соёрхон батлах” тухай санал хураах мөчид Бүгд Найрамдах намын гишүүн Харри Бөрн (Harry Burn) “Тийм” гэж дэмжсэн хариу өгөхөд хурлын танхим таг чимээгүй болж, бүгд мэл гайхжээ.Тэрээр саналаа өөрчлөн "Дэмжиж байна" гэж хэлэхдээ “улаан сарнай”-гаа энгэрээсээ авсан гэдэг. 19-р Нэмэлтийг эсэргүүцэгчид улаан өнгийн, харин дэмжигчид шар өнгийн сарнай энгэртээ зүүдэг байжээ.
Харри Бөрнийн ээж Фэбб Бөрн (Febb Burn) нь хуралдаанаас нэг хоногийн өмнө 7 хуудас захиа хүүдээ илгээсэн байдаг. Эх хүний ердийн амьдрал хүүрнэсэн захианы 2-р хуудсанд “Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө саналаа өгөөрэй!” (“Hurrah and vote for Suffrage!”); 6-р хуудасны “Зөв/сайн хүү байгаарай” (“Be a good boy”) гэсэн 2 өгүүлбэрээс агуу хайр, их итгэл найдварыг мэдэрсэн тухайгаа Конгрессын гишүүн хожим нь дурсан ярьсан байдаг.
Яагаад “Антонигийн Нэмэлт” гэж нэрлэдэг вэ?
Үндсэн Хуулийн 19-р Нэмэлтийг олны дунд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх Загалмайлсан Эх, эмэгтэй Абрахам Линкольн хэмээн алдаршсан Сюзан Антонигийн нэрээр хүндлэн нэрлэжээ.
Зөвхөн нэг хүний санал нийгэмд ямар их өөрчлөлт оруулах, шийдвэрлэх “момент” болж чаддагийг энэ түүх харуулж байна. Аливаа цагаа олсон үйлдэл, үг, эх хүний ухаан, хайр юунаас ч хүчтэй болохыг мэдрүүлсэн энэ гайхалтай түүх, түүнтэй холбогдсон сонирхолтой баримтуудыг доорх холбооснуудаас дэлгэрэнгүй уншаарай.
Эх сурвалжууд:
https://www.history.com/topics/womens-history/19th-amendment
https://www.washingtonpost.com/.../tennessee-19.../
https://www.biography.com/.../19th-amendment-famous...
https://www.tennessean.com/.../how-one.../5177281002/
Comments