top of page
Writer's pictureЦ. Сараа

АНУ-ын Үндсэн Хуулийн Конвенцийн тухай

Updated: Oct 3, 2022


1787 оны 5-р сарын 25-наас 9-р сарын 17-ны хооронд Род Айлэнд (Rhode Island)-ээс бусад анхны 12 колони мужийн төлөөлөгчид Пеннсилваниа мужийн Филадельфиа хотод Үндсэн Хуулийн Чуулганд (Constitution Convention) оролцсон. Энэ Чуулганы зорилго нь Конфедерацийн Үндсэн Хуулийг (Articles of Confederation) шинэчлэх байв. Энэхүү Үндсэн Хуулийн Чуулганыг түүх сурвалжид Филадельфиагийн Чуулган, Холбооны Чуулган, Филадельфигийн Дээд Чуулган гэх мэтээр тэмдэглэсэн байдаг.


Конфедерацийн Үндсэн Хууль гэж юу вэ?


АНУ-ын шинээр бүрэлдсэн анхны 13 колони улсуудын хооронд байгуулсан “гэрээ” бөгөөд төвлөрсөн засаглаглалтай байхын сацуу муж бүр өөрсдөө засаглах бүрэн эрхийг баталсан анхны Үндсэн Хууль юм. Энэ хууль нь 1781 оны 3-р сарын 1-нээс 1789 оны 3-р сарын 4-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан.


Яагаад Конфедерацийн Үндсэн Хуулийг өөрчлөх шаардлагатай болсон бэ?


Конфедерацийн Үндсэн Хуулийн төслийг анх 1776 онд Жон Дикинсон (John Dickinson) боловсруулахдаа хүчирхэг төвлөрсөн Засгийн Газартай байх нөхцөл заалтууд оруулсан байдаг. Гэвч мужуудын бие даасан байдлыг дэмжигч үзлийг баримтлагчид хэт төвлөрсөн хүчирхэг Засгийн Газартай байхаас болгоомжилж уг “гэрээний” төслийг батлахаас татгалзсан олон жил маргалдан хойшлуулсны эцэст 1781 онд Конфедерацийн Үндсэн Хуулийг баталсан. Харамсалтай нь энэ Хуулиар Холбооны Засгийн Газар татвар ноогдуулах эрхгүй; хүн амын тооноос үл хамааран муж бүр Конгресст зөвхөн нэг суудалтай; Конгресс гадаад болон муж хоорондын худалдааг зохицуулах эрхгүй; муж бүр өөрсдийн мөнгөн дэвсгэрт хэвлэх эрхтэй; Конгрессоос баталсан хуулийг мөрдөн хэрэгжүүлэх гүйцэтгэх засаглал байхгүй; үндэсний шүүх засаглалгүй; Конгресс 9/13 олонхын саналаар хууль батлах зэрэг хязгаарлагдмал эрх мэдэлтэй байв. Ийнхүү сул засаглалын дор эдийн засаг, цэргийн хүч доройтож байгаа нь тодорхой болсоны улмаас Конфедерацийн Үндсэн Хуулийг шинэчлэх шаардлага гарч ирсэн. Ялангуяа 1786 онд баруун Массачуситс мужид гарсан Шэйгийн Бослого (Shay’s Rebellion)-ыг намжаахад үндэсний засгийн газар нь хамтарсан цэргийн хүчийг эмхлэн бүрдүүлэх хүчин чадалгүй байсан нь Конфедерацийн Үндсэн Хуулийг шинэчлэх гол түүхэн мөч байсан гэж үздэг.


Үндсэн Хуулийн Чуулганаар ямар үр дүн гарсан бэ?


Нэгэнт бүрэлдсэн нөхцөл байдлыг харгалзан Конфедерацийн Үндсэн Хуулийг хүчингүй болгон үндэсний засгийн газрын бүтцийг дахин тодорхойлсон цоо шинэ Үндсэн Хууль боловсруулсан. Уг чуулганд оролцсон 74 төлөөлөгчөөс зөвхөн 39 нь шинэ Үндсэн Хуулийн төслийг баталсан.


Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу:

https://www.history.com/this-day-in-history/constitutional-convention-begins

Comments


bottom of page