top of page

АНУ-ын тангарагтны зарлан дуудах бичгийн тухай

Updated: Jul 16, 2022


АНУ-ын шүүхийн тогтолцоонд тангарагтны шүүх чухал үүрэг гүйцэтгэдэг. Тангарагтны шүүхийн бүрэлдхүүн нь тухайн орон нутгийн сонгогчдын, зарим тохиолдолд жолооны үнэмлэхний бүртгэлээс автоматаар түүвэрлэн сонгосон иргэдийн төлөөлөл юм. Иймд АНУ-ын иргэн бус оршин суугчдад Jury Summons буюу Тангарагтны Зарлан Дуудах Бичиг (цаашид "Зарлан" гэх) ирэх нь тийм ч ховор тохиолдол биш. Зарим түр оршин суугчдад 2-3 удаа ирсэн байхад зарим АНУ-ын иргэн амьдралдаа ч зарлан авч үзээгүй байдаг.


Холбооны болон орон нутгийн шүүхээс зарлан албан ёсоор явуулахаас өмнө асуулгын маягтыг шуудангаар хүргүүлдэг. Ийнхүү асуулгын маягтыг хүлээн авсан хүн бүр, иргэншлийн статус, англи хэлээр ярьдаг, эс ярьдгаас үл хамааран түүнийг үнэн зөв бөглөн заасан хугацаанд нь буцаан илгээх үүрэгтэй. Хариуг 10 хоногийн дотор шуудангаар явуулахаас гадна мөн онлайнаар бөглөж болдог. Эс бөгөөс хуулийн өмнө хариуцлага хүлээдгийг (торгох, шоронд хорих г.м) анхаарна уу. Холбооны шүүхээс зарлан хүлээн авсан бол доорх линкийг ашиглан асуултанд хариулах, хувийн мэдээллээ өөрчлөх, тангарагтны үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдөх эсвэл тогтоосон өдрийг нь хойшлуулах хүсэлт гаргах, боломжтой цагаа сонгож болно. https://www.uscourts.gov/…/jury-ser…/national-ejuror-program


Тангарагтанд тавих шаардлагууд:

• АНУ-ын иргэн • Наад зах нь 18 настай • Англи хэлээр уншиж, бичиж, ярьж чаддаг; асуулгын маягтыг аливаа туслалцаагүй үнэн зөв бөглөх англи хэлний чадвартай • Эрүүл мэндийн шаардлага хангасан • Нэг жилээс илүү хугацаагаар шоронд хоригдох ялын тогтоолгүй байх (зарлан дуудах бичиг авах үед) • Гэмт хэрэгт орж байгаагүй


Холбооны шүүхээс тангарагтны үүрэг гүйцэтгэхэд өдрийн $50 нөхөн олговор өгдөг төдийгүй унааны зардал, машины зогсоолын хураамж, бензиний мөнгө, шаардлагатай бол зочид буудал, хоолны мөнгө олгодог. Холбооны эрх зүйн заалтанд, тухайлбал Шударга Хөдөлмөр Эрхлэлтийн Стандартын тухай хуулинд (Fair Labor Standard Act) тангарагтны үүрэг гүйцэтгэж буй ажилтанд цалинг олгохыг ажил олгогчоос албадан шаарддаггүй бөгөөд энэ асуудлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахыг зөвшөөрсөн байдаг. Харин зарим мужийн хуулинд цалинг нь ажилласнаар тооцон олгохыг шаардсан байдаг. Зарим хэргийн шүүх хуралдаан долоо хоног, хэдэн сараар ч үргэлжлэх тохиолдол байдаг учир энэ үед ажил олгогч тухайн ажилтныг ажлаас халах, солихыг Тангарагтны Хуулиар хориглодосон байдаг.


Зарлан авсан иргэн Тангарагтны үүрэг гүйцэтгэх боломжгүй эсвэл тогтоосон хугацаанд ирэх боломжгүй бол тухайн үүргээс чөлөөлөгдөх эсвэл үүргээ түр хойшлуулах хүсэлтийг гаргах эрхтэй. Дараах нийтлэг нөхцлүүдийг харгалзан ийнхүү хүсэлт гаргаж болно. Үүнд:

• 70-аас дээш настай иргэд • Өмнөх 2 жилийн хугацаанд Холбооны шүүхэд Тангарагтны үүрэг гүйцэтгэсэн бол • Сайн дурын гал сөнөөгчид, авран хамгаалах ба түргэн тусламжийн багийн гишүүд • Бага насны хүүхдээ асран халамжилж буй хүмүүс • Бүтэн цагийн оюутан • “Онцгой хүнд нөхцөл, нэн тохиромжгүй байдал” гэсэн үндэслэлд хамаарах аливаа шалтгаанууд


Муж бүрийн мөрдөж буй хууль тогтоомж харьцангуй өөр учир зарланд заасан шүүхийн цахим хуудаснаас мэдээллээ лавлан тодруулахыг анхааруулж байна.


106 views0 comments

Comments


bottom of page