top of page
Writer's pictureА. Отго

АНУ-ын Нийгмийн Даатгалын Дугаар (SSN)-ын Тухай Товч

2019 оны 7-р сарын 9

Social Security Number (SSN) гэж юу вэ?

Энэ нь АНУ-ын иргэн, байнгын оршин суугчид, гадаадын гэрээт ажилтнууд ба оюутнуудад АНУ-ын Нийгмийн Даатгал, Халамжийн Газар (Social Security Administration)-аас олгодог 9 орон бүхий иргэний бүртгэлийн дугаар юм. Нийгмийн халамж, даатгалын хөтөлбөрийн хүрээнд иргэдийн данс нээх, хянах зорилгоор АНУ-д 1935 оны 11 сараас эхэлж SSN хэрэглэж эхэлсэн бөгөөд гуравхан сарын дотор 25 сая дугаар олгосон гэдэг.


Энэхүү 9 оронтой (ххх-хх-хххх) дугаарыг агуулсан кредит картны хэмжээ бүхий үндэсний нууцлал, тэмдэгтэй цэнхэр баримтыг Social Security Card (SSC) буюу нийгмийн даатгалын карт гэдэг. SSN нь манай регистрийн дугаартай адилтгахуйц чухал баримт.

SSN-ын үндсэн хэрэглээ:

Энэ дугаарыг нийгмийн бүхий л харьцаанд ашигладаг бөгөөд АНУ-д түр амьдарч, ажиллаж, сурч байгаа хүмүүст дараах тохиолдолд зайлшгүй шаардлагатай: - Жилийн орлогын татвар бодуулах - Ажилд орох - Банкны данс нээлгэх - Банкны болон дэлгүүрийн зээлийн карт (сredit card) эзэмших - Жолооны үнэмлэх авах (гэхдээ муж бүрт ялгаатай) - Байр, машин зээлээр авах - Байр хѳлслѳх


SSN-ын төрөл ба нөхцлүүд:

Зарим иргэд SSN-ийг АНУ-д ажиллах эрхтэй андуурах тал бий. Ажиллах эрхийг I-765 Маягт өргөдлийг бөглөн Иргэншил, Цагаачлалын Албанаас хүсдэг. Нийгмийн Даатгал, Халамжийн газраас дараах гурван төрлийн SSN олгодог. Үүнд:


1. АНУ-ын иргэн, байнгын оршин суугчдын карт. Энэ нь тухайн хувь хүний нэр, дугаарыг бичсэн байдаг. Аливаа нөхцөл, хязгаарлалт заасан бичиггүй. 2. "Not valid for employment" буюу "Ажиллах эрхгүй" гэсэн хязгаарлалт бүхий бичигтэй. 3. "Valid for work only with DHS authorization" буюу "Үндэсний Аюулгүй Байдлын Яамны зөвшөөрлөөр ажиллах эрхтэй" хэмээн бичсэн нөхцөлтэй байдаг. Энэ картыг голдуу гадны гэрээт ажиллагсдад олгодог.


Хэрэв таны визний статус солигдоод ажиллах зѳвшѳѳрѳл авсан бол Нийгмийн Халамж, Даатгалын Газар (SSA)-т дахин хандаж шинэ карт авах хүсэлт гаргах ёстой. Ийнхүү шинээр картаа солиулсан ч хуучин картны дугаар хэвээр үлдэх ба “ажиллах зѳвшѳѳрѳлгүй” гэсэн хязгаарлалт нь үгүй болох юм.


F1 визтэй бүтэн цагийн оюутнууд сургуулийнхаа кампус дотор (on-campus) 7 хоногт 20 хүртэлх цагаар, эсвэл кампусаас гадуур (off-campus) дадлага хийх шугамаар ажиллах эрхтэй. Гэхдээ эхлээд Гадаад Оюутны Алба хариуцсан ажилтнаас DSO (designated school officer) заавал зөвшөөрөл авч, тухайн сургуулиас эсвэл дадлага олгож буй байгууллагаас ажлын санал авсаны дараа SSN авах өргөдөл гаргахыг шаарддаг.


SSN хаанаас авах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хэрхэн хүсэлт гаргах заавруудыг доорхи цахим хуудаснаас авна уу. Дашрамд хэлэхэд SSN авахад ямар нэгэн хураамж төлдөггүй.


Эх сурвалж: https://www.ssa.gov/ssnumber/

Comments


bottom of page