2020 оны 8- сарын 17
Women’s Suffrage буюу эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх кампанит аянууд иргэний дайны өмнө эхэлсэн гэж үздэг. 1848 онд дэвшилтэт эмэгтэйчүүдийн бүлгээс анхны хөдөлгөөнийг эхэлж Нью Йорк мужийн Синика Фолс (Seneca Falls) хотод хуралджээ. Тус Конвенцэд оролцсон 300 гаруй эмэгтэй төлөөлөгчдийн дотор нөлөө бүхий цөөнгүй эрэгтэй төлөөлөгчид байсан бөгөөд тэднийг хүний эрхийг хамгаалагч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Элизабет Стантон болон шинэчлэлийн манлайлагч, феминист үзэлтэй Люкрициа Мотт нар урьж оролцуулсан байдаг. Тус Конвенцоор Америкийн эмэгтэйчүүд бол бие даасан, чөлөөт хувь хүмүүс бөгөөд улс төрд оролцох эрхтэй гэдгийг санал нэгтэй баталсан байна. Энэхүү үйл явдлыг “Seneca Falls Convention” хэмээн түүхэнд онцлон тэмдэглэгдсэн байдаг.
1850-иад оны үед эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ид өрнөн, Иргэний Дайн эхлэх мөчид эрч нь суларсан хэдий ч энэ хугацаанд дээрх дэвшилтэт эмэгтэйчүүдийн үзэл санаа шингэсэн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Үндсэн Хуулийн 14, 15-р нэмэлтүүд батлагдсан байна. Гэхдээ эдгээр нэмэлт нь “насанд хүрсэн бүх эрэгтэй”, “хар арьстай эрэгтэй ” иргэдэд тус тус хамааралтай байсан юм.
1869 онд Элизабет Стантон, Сюзан Антони нар Үндэсний Эмэгтэйчүүдийн Санал Өгөх Эрхийн Төлөөх Холбоо (National Woman Suffrage Association) байгуулан Конгрессд шахалт үзүүлж эхэлжээ.
Сонирхолтой баримтууд:
• Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг анх баталж, эмэгтэй мужийн захирагч сонгосон хамгийн анхны муж улс бол Вайоминг юм.
• Ерөнхийлөгч Вилсон эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг татгалзаж байсан хэдий ч 1918 оны 10-р сарын 1-нд Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцагадаа эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлээд 19-р нэмэлтийн төслийг батлахыг Конгресст уриалсан байдаг.
• 1920 оны 11-р сарын 2-нд болсон Ерөнхийлөгчдийн сонгуульд АНУ-ын хэмжээнд 20 сая гаруй эмэгтэй иргэд анх удаа саналаа өгсөн байна.
• Сюзан Антонигийн шургуу тэмцэл, хөдөлмөрийг үнэлж 1979 онд Сангийн Яамнаас нэг долларын зоосон дээр гэгээн дүрийг нь мөнхөлсөн байна. Тэрээр мөнгөн тэмдэгт дээр ийнхүү алдаршуулсан анхны эмэгтэй юм.
Эх сурвалжууд:
https://www.history.com/topics/womens-history/19th-amendment
https://www.washingtonpost.com/graphics/2020/local/history/tennessee-19-amendment-letter-harry-burn-mother-febb/
https://www.biography.com/news/19th-amendment-famous-suffragists
https://www.tennessean.com/story/opinion/2020/05/10/how-one-tennessee-mothers-influence-led-womens-suffrage/5177281002/
Σχόλια