АНУ-ын нийтийн номын сангууд нь гадаад дотоодын уран зохиолоос гадна, тухайн бүс нутаг, муж улсынхаа бүхий л салбарын мэдээлэл нэн ялангуяа нийгэм, түүх, соёл боловсрол, шинжилгээ судалгаа, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүний эрхийн мэдээллийн гол зангилаа болдог. Хүн ам, хөгжлийн онцлог, эдийн засгийн хүчин чадлаасаа шалтгаалан нийтийн номын сангийн хэмжээ, барилга байгууламж нь хот суурин бүрд харилцан адилгүй. Гэсэн хэдий ч мэдээлэл түгээх, лавлагаа өгөх, зөвлөх, зуучлах зэрэг нийгмийн болоод соёл боловсрол, эрдэм шинжилгээний "нэг цэгийн үйлчилгээ" үзүүлдэгээрээ тэд адилхан юм.
Америкийн нийтийн номын сангууд оршин суугчиддаа үнэгүй үйлчилдэг. Номын сангийн карт нээлгэхэд дараах 2 материал бүрдүүлнэ:
1. Жолооны үнэмлэх, эсвэл зураг бүхий биеийн байцаалт (ID) 2. Тухайн County (манайхаар Дүүрэгтэй дүйцнэ)-гийн оршин суугч болохыг батлах таны нэр, хаяг бүхий түрээсийн гэрээ, төлбөрийн нэхэмжлэл (uitlity bill, credit card bill) г.м
📖 Нэг картаар тухайн County-гийн харьяа нийтийн бүх номын сангуудаар ҮНЭГҮЙ үйлчлүүлэх эрхтэй. Нэг гэр бүлд нэг карт байхад хангалттай, хүсвэл хүүхдүүдэд тусад нь карт нээлгэж болно.
📖 Ихэнх номын сангууд ном, хэвлэлийн материалыг 3 долоо хоногоор, 3 удаа хугацааг нь сунгах эрхтэй олгодог. Нэг удаагийн олголтоор 20-30 хүртэлх номыг ҮНЭГҮЙ зээлдэх эрхтэй.
📖 Шинээр ирсэн, эрэлт өндөр материалыг 7 хоногоор, 1-2 удаа сунгах эрхтэйгээр тус тус ҮНЭГҮЙ зээлдүүлдэг. Зарим номын сангууд сунгалт хийдэггүй.
📖 Дижитал материал, кино DVD, сэтгүүлүүдийг мөн 7 хоногоор богино хугацаагаар ҮНЭГҮЙ зээлдүүлдэг.
📖 Интернэт, компьютер, уншлагын өрөө ҮНЭГҮЙ. Тухайн үеийн ачааллаас хамааран компьютер хэрэглэх хугацаанд хязгаарлалт тавьдаг. Хэрэв та гэртээ интернэт тавиулж хараахан амжаагүй бол лаптопоо авчран уншлагын танхимын WiFi-г үнэгүй, ямар нэгэн хязгаарлалттгүй хэрэглэх боломжтой. Мөн багахан хэмжээний хураамжаар (хуудас нь 10-25 цент) принтерийг нь ашиглаж болно.
📖 Төрийн байгууллагын ажлын байрны нээлтэй зарууд, нийгмийн хөтөлбөрүүд, өргөдлийн маягтуудыг номын сангаас авч болно. Ачааллаасаа хамаараад номын сангийн ажилчид тэдгээр өргөдлийг хэрхэн бөглөхөд зөвлөгөө өгч тусалдаг.
📖 Хүүхдийн нас насны ангилалд тохирсон танин мэдэхүй, гар урлал, үлгэрийн цаг, мэдээлэл/технологи, номын клуб, нөхөрлөлийн тухай хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүд ҮНЭГҮЙ зохиогддог.
📖 Цагаачдад зориулсан англи хэлний ярианы сургалт, нийгмийн хичээлүүдэд ҮНЭГҮЙ оролцох боломжтой.
📖 Зээлж авсан номнуудын хугацааг шалгах, сунгах, шинээр ном захиалах, арга хэмжээнд бүртгүүлэх зэргийг онлайн ассаунтнаасаа хийж болно.
📖 Ашгийн бус байгууллагууд (501 c-3) уулзалтын өрөөг урьдчилан захиалан ҮНЭГҮЙ ашиглах боломжтой.
Зээлж авсан ном, материалаа хугацаанд нь буцаахгүй, эсвэл алга болгосон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тус бүрд торгууль ноогдож, номын сангийн карт тань түр хаагддагыг анхааруулахад илүүдэхгүй болов уу.
👉 СОНИРХУУЛАХАД...
Америкт мэргэжлийн номын санч болохын тулд Номын Сангийн Шинжлэх Ухаанаар Магистрын зэрэг хамгаалсан байх ёстой. Тэд яг л эмч нар шиг зохиолын жанр тус бүрд давхар мэргэшсэн байдаг. Тухайлбал, сонгодог уран зохиол, зөгнөлт зохиол, түүхэн материал, нийгэм судлал, хүний эрх, эрүүл амьдрахуй, байгаль орчин, мэдээллийн технологи г.м. Тэд өөрсдийн мэргэшсэн сэдэвт хамаарах архивын эртний ховор үнэт материалуудаас авахуулаад шинээр гарсан бүх ном, сэтгүүл, зохиогчид, уншигчдын үнэлгээ зэргийг маш сайн судлан танилцсан, өргөн мэдлэгтэй хүмүүс байдаг.
Энэ утгаараа номын санчид маань ном бүртгэх, хайх зэрэг өдөр тутмын техник ажлаас гадна судлаач, нийгмийн ажилтаны үүргийг давхар гүйцэтгэдэг асар өндөр боловсролтой соён гэгээрүүлэгчид юм.
Yorumlar