Америкийн их, дээд сургуулиуд элсэлтийн анкет хүлээн авах дөрвөн үндсэн арга зам, хугацааг ашигладаг.
1. Early action
Хэдийгээр сургууль сургуулиас хамаарах ч гол төлөв 11 сарын 1-ний өдөр анкет авах сүүлчийн хугацаа байдаг. Early action-аар анкет өгсөн хүүхдүүд 12 сарын 15 гэхэд хариугаа авна. Энэ анкетийн зорилго нь хүүхэд өөрийн орох юмсан гэж хүсэж буй ганц сургуульдаа анкетаа өгөөд орж чадах эсэхээ эрт мэдэх бололцоог олгодог. Хэрэв орж чадвал уламжлалт анкет өгөх хугацаанаас өмнө олон сургуульд анкет өгөх ажлаас чөлөөлөгддөг. Хэрэв өөрийн хүссэн ганц сургуульдаа орж чадахгүй болсноо эрт мэдвэл 1 сарын 1нд болдог уламжлалт анкетийн хугацаа болохоос өмнө өөрийн сонирхож буй бүх сургуулиудад анкетаа өгөх нүсэр ажлыг хийх болно.
Early action-аар орсон сургуульдаа заавал явах үүрэг хүлээдэггүй. Өөр сургуулиудад анкет өгч байгаад хамгийн боломжит санхүүгийн нөхцөл санал болгосон сургуулиа сонгоод явах бололцоотой байдаг. Тухайн сургуульд явах үгүй хариугаа 5 сарын 1нд хэлдэг.
2. Early decision
Бүх хугацаанууд Early action-тэй ижил. Гэхдээ early decision-ээр орсон сургуульдаа заавал явах үүрэг хүлээдэг бөгөөд хариу авснаас хойш 3 долоо хоногийн дотор тухайн сургуулийн саналыг хүлээн авч байгаагаа мэдэгдэх болдог. Их сургуулиуд early action-ы анкет авдаг уу, early decision-ы анкет авдаг уу гэдгээ вэбсайт дээрээ тодорхой бичсэн байдаг.
3. Regular admission
Энэ нь уламжлалт анкет авах хугацаа бөгөөд анкет хүлээн авах сүүлчийн хугацаа гол төлөв 1 сарын 1 байдаг. Хичнээн ч сургуульд анкет өгч болно. Сургуулийн хариу 3 сарын 31 гэхэд гарч дуусдаг бөгөөд тухайн сургуульд суралцах үгүй хариугаа 5 сарын 1-нээс өмнө өгнө.
4. Rolling admission
Зарим сургуулиуд regular admission-ы хугацаа дууссанаас хойш анкет авсаар л байдаг. Гол төлөв олон оюутны багтаамжтай томоохон сургуулиуд оюутны тоогоо гүйцээх зорилгоор rolling admission-ы аргыг ашигладаг. Энэ үед бүх тэтгэлэг дууссан байдаг тул санхүүгийн ямар нэгэн дэмжлэгийг сургуулиас үзүүлэх боломж хомс болдог.
Америкийн их дээд сургуульд сурахад юу шаардагдах вэ?